Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн бага ангийн сурагчдын эцэг эхчүүд сургуулийнхаа номын санд ном хандивлажээ. Уран зохиолын, үлгэрийн нийт 446 ширхэг номыг хүүхдүүддээ зориулж өгсөн байна. Учир нь сүүлийн үед хүүхдүүдийн ном унших хүсэл нэмэгдэж, номд дуртай болсон ч унших ном дутагдалтай байж. Тиймээс эцэг эхчүүд сайн дураараа ангийн номын санг арвижуулах аян өрнүүлсэн байна. Өнгөрсөн жил БШУЯ-аас бүх ЕБС-ийн бага ангиудыг ангийн номын сантай болгосон бол энэ жил бүх дунд ангиудыг номын сантай болгож эхлээд байгаа юм. Мөн салбарын яамнаас хүүхдэд зориулсан ном олноор бүтээх зорилгоор зохиолчдын дунд хүүхдэд зориулсан бүтээлийн уралдаан зарлаж, дүгнэн шалгарсан бүтээлийн эздэд номоо хэвлүүлж, түгээхэд нь мөнгөн тусламж үзүүлсэн байна. Ангидаа номын сантай болсон хүүхдүүд “Биднийг ном уншдаггүй гэдэг. Үнэндээ бид унших дуртай. Харин унших ном л дутагддаг” гэлцэж байсан юм.