Тун нь хэтэрвэл эм ч хор болох нь бий. Жишээ нь, вакус нэртэй, Солонгосоос гаралтай амин дэмийг эмийн сан, гудамж талбай гээд хаа сайгүй, төрөл төрлөөр нь зардаг болжээ. Гэрлэн дохио хүлээн зогсох зуур хэдэн төрлийн вакус барьсан хүүхдүүд гүйлдэж худалдаж авахыг санал болгох аж. Тэднээс худалдаж авч байгаа хүмүүс ч цөөнгүй харагдана. Гэхдээ энэ төрлийн амин дэм элэг тэжээдэг уурагт бодис агуулдагийг хэр олон хүн мэддэг бол. Хэрэв тухайн хүний элэг хэвийн бус бол вакус уух нь тийм ч тохиромжтой биш гэсэн. Бас шартсан хүн уувал элгэнд нь бүр ч сөрөг нөлөө үзүүлдэг талаар элэгний эмч зөвлөж байна. Түүнчлэн хортой болон хоргүй хавдартай хүнд элдэв төрлийн амин дэм уулгавал хавдрын эс нь түүгээр хооллож өсөлт нь нэмэгдэж, зарим тохиолдолд хоргүй хавдар хортой хавдар болж хувирах тохиолдол ч байдаг аж. Ер нь хамрын ханиад хүрсэн ч эмчээс зөвлөгөө авч эмчилгээ хийдэг байх хэрэгтэй. Түүнээс “Энэ биед сайн юм гэнэ лээ” гэдэг дам яриагаар өөрийгөө эмчлэх нь хожим харуусаад ч барахгүй үр дагаварт хүргэж магадгүй байна шүү.