24tsag.mn сайт эх орон тусгаар тогтнолынхоо төлөө түүхэн гавьяа байгуулсан эрэлхэг "Баатар"-уудаа цувралаар танилцуулж байна.
Удахгүй
болох Монгол цэргийн өдрийг угтан 24tsag.mn сайт эх орон тусгаар
тогтнолынхоо төлөө түүхэн гавьяа байгуулсан эрэлхэг хөвгүүдээ цувралаар
танилцуулж байна. "Монгол улсын баатар" цолтой нийт 59 хүн
байдагаас 41 нь монгол хүн байдаг. Ингээд Монгол орныхоо төлөө халуун
амь бүлээн цусаа хайрлалгүй тэмцсэн зоригт "Баатар"-уудынхаа гавьяагаар
ард түмэн минь үеийн үед бахархах болтугай.
Дамдины Сүхбаатар /1893-1923/.
Ардын хувьсгалын гарамгай удирдагч, Ардын төр, МАН-ыг үүсгэн
байгуулагчдын нэг, үндэсний баатар. Түүнд 1922 оны 9 дүгээр сарын 23-нд
Ардын Засгийн газраас “Зоригт баатар” цол хүртээсэн.
Сандагдоржийн Магсаржав /1878-1927/. Монгол орныг Манжийн дарлалаас чөлөөлөх их үйлст идэвхтэй оролцсон цэргийн гарамгай жанжин
“Хатанбаатар” Магсаржавт 1924 оны 4 дүгээр сарын 24-нд Ардын засгийн газраас “Ардын Хатанбаатар” цол хүртээжээ.
Шагдарын Гонгор /1912-1992/. Тэрээр
1936 оны нэгдүгээр сард Хязгаарын цэргийн Булан дэрсний харуулын постын
дарга байхдаа японы 10 гаруй самурайтай буудалцаж ялалт байгуулсан
байдаг. Түүнийг 1936 оны нэгдүгээр сарын 29-нд МУ-ын баатар цолоор
шагнасан.
Дамчаагийн Дэмбэрэл /1903-1939/. Тэрбээр
1936 оны хавар болсон Япончуудын эсрэг тулалдаанд олон удаа гавьяа
байгуулсан байдаг. Тухайлбал дайсны 3
онгоцтой ганцаар тулалдаж, 92 автомашинтай томоохон ангийг агаараас
илрүүлэн бөмбөгдсөн гээд
байлдааны үүргийг олон удаа гарамгай биелүүлж байжээ. Түүнд 1936 оны
дөрөвдүгээр сарын 07-нд Агаарын зоригт баатар цолыг хүртээсэн боловч
хоёр жилийн дараа хилсээр цаазалсан юм.
Цэндийн Олзвой /1914-1941/. Олзвой 1936 оноос цэргийн алба хааж эх орны зүүн хязгаарт Монгол ардын армийн 6
дугаар дивизийн 15 дугаар хорооны нэгдүгээр суманд хөнгөн пулемётны
наводчик байхдаа Халхын голын байлдааны үе 1939 онд эрэлхэг зориг гарган
дайсны ар талд олон дахин гарч амьд хэл, бичиг баримт, зэвсгийн зүйл
олзлон ангидаа авчирч байлдааны даалгаврыг гарамгай биелүүлж гавьяа
байгуулсан байна. Түүнийг 1939-оны 10 дугаар сарын 21-нд Монгол Улсын баатар цолоор шагнасан.
Лодонгийн Дандар /1914-1986/.
1939 онд Ардын Армийн Матадын 8 дугаар дивизийн 17 дугаар морьт
хорооны штабын туслах, хороо, дивизийн захирагчаар ажиллаж Халхын голын
байлдаанд анги нэгтгэлээ чадамгай удирдан ялалт байгуулсан, 1945 оны
чөлөөлөх дайнд хороо командалж оролцсон байна. Түүнийг 1939 оны 09
дүгээр сарын 07-нд МУ-ын Баатар цолоор шагнасан бөгөөд дайны дараа
Монгол,
Зөвлөлтийн найрамдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэгдэн хилсдэж улсын
баатар цолоо хураалгасныг 1964 онд
сэргээн олгосон юм.
Хорлоогийн Чойбалсан /1895-1952/.
Анхны долоон хувьсгалчийн нэг Чойбалсан бол 1939 оноос нас бартлаа
Ардын сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайдаар ажилласан нам, төр, цэргийн
нэрт зүтгэлтэн юм. Түүнийг 1941 онд МУ-ын баатар цолоор шагнасан юм.
Сэнгийн Дампил /1922-1991/.
Монгол ардын армийн хуягт бригадад цэргийн алба хааж хөнгөн пулемётын
наводчик байхдаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их
бэхлэлтийг сэтлэн давах ширүүн тулалдааны үед эх орон, ард түмэндээ чин
үнэнч, эрэлхэг дайчин мөнөө харуулсан баатарлаг гавьяа байгуулсан байна.
Түүнд 1945 оны 9 дүгээр сарын 26-нд Монгол Улсын баатар цол хүртээсэн.
Дашийн Данзанваанчиг /1918-1981/.
Монгол ардын армийн хуягт бригадын миномёт пулемётын наводчик байхдаа
1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг цөмлөн
Японы милитаристуудыг бут цохиход баатарлаг байлдаж таван удаа
шархадсан ч мятралгүй тулалдаж гарамгай гавьяа байгуулжээ. Тэрээр
1945-оны 09 дүгээр сарын 26-нд Монгол Улсын баатар цолоор шагнагдсан.
Мөн тэрээр Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаагийн эцэг юм.
Лувсанцэрэнгийн Аюуш /1922-1945/. Монгол ардын армийн моторчилсон …дугаар ангид байлдагчаар цэргийн алба
хааж байхдаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их
бэхлэлтийг тагнах үүргийг наймдугаар сарын 19-нд авч их хүчээсээ түрүүлж
дайсны пулемётын галын цэгүүдийг устгасаар 11 удаа шархадсан ч
дайсантай баатарлагаар тулалдсаар амь үрэгджээ. Түүнд 1945 оны 09 дүгээр сарын 26-нд Монгол Улсын баатар цол хүртээсэн.
Лхүнрэвийн Даваадорж /1926-1948/. Ховд аймгийн нутаг дахь хилийн цэргийн 6 дугаар отрядад алба хааж хөнгөн
пулемётын туслах наводчик байхдаа 1948 оны 7 дугаар сарын 7-8-нд Бүдүүн
харгайтын гол орчмоор хил нэвтэрч ирсэн гоминдааны 150 гаруй цэрэг
бүхий хүчтэй дээрэмчидтэй 9 нөхрийн хамт эрэлхэг тулалдсаар амь
үрэгджээ.
Баянбалын Тэгшээ /1926-1948/. Мөн дээр өгүүлсэн зэвсэгт тулгаралтад оролцож хэдэнтээ шархдаж, сумаа дууссаны хойно тал
талаасаа бүчин ирсэн дайсанд амьдаар олзлогдохгүй гэхдээ гранатаа тэсэлж
олон дайсныг устгангаа амь үрэгджээ. Түүнийг 149 оны 1 сарын 28-нд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан.
Самданжамцын Лхагвадорж /1919-1948/.
Тэрээр дайсны элдэв өдөөн хатгалга, зэвсэгт
халдлагыг цаг тухайд нь няцаан, тагнуул туршуулуудыг нь олон удаа
илрүүлэн баривчилж
байсан бөгөөд 1948 оны 6 сарын 2-нд ”Оспаны 22 баатар” гэгчтэй Мэргэн
ууланд баатарлагаар тулалдаж яваад амь үрэгджээ. С.Лхагвадоржид 1949 онд
“Улсын баатар” цол нэхэн хүртээжээ.
Юмжаагийн Цэдэнбал /1916-1991/.
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргаар ажилласан нам, төрийн
нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал Халхын голын байлдааны үед Монгол, Зөвлөлтийн
цэргийг хоол хүнсээр
хангах Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр, дэлхийн хоёрдугаар дайны
үед Монголын ардын армийн жанжны орлогч, улс төрийн газрын даргаар
ажиллаж, улс орныг батлан хамгаалах чадварыг бэхжүүлэх, ардын армийн
нийт бие бүрэлдэхүүний байлдааны болон улс төрийн бэлтгэлийг дээшлүүлэх,
японы милитаристуудыг бут цохиход Зөвлөлтийн армитай мөр зэрэгцэж
оролцсон Монголын армийн байлдааны ажиллагааг удирдахад, энх цагт
зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар ажиллаж Монголын ардын армийг бүх
талаар хөгжүүлж бэхжүүлэхэд их гавьяа байгуулсан байна. Тэрээр МАХН-ын
Төв Хорооны I нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга
байхдаа буюу 1966 оны 09 дүгээр сарын 16-нд Монгол Улсын баатар цолоор
шагнагджээ.
Хорлоогийн Дамба /1919-1943/. 1938 оноос цэргийн алба хааж хязгаарын цэргийн Баяннуурын заставт
байхдаа 1943 оны 7 дугаар сарын 30-нд Шар говийн давааны амаар хил
нэвтэрч ирсэн хасгийн 100 гаруй зэвсэгт дээрэмчидтэй гурвуулхнаа эрэлхэл
баатарлаг тулалдаж амь үрэгджээ. Түүнийг 1961 оны 10 дугаар сарын 17-нд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан.
Жадамбын Нэхийт /1914-1983/. Тэрээр эх орныхоо дархан хил хязгаарыг харийн дайсны халдлагаас хамгаалах
хэрэгт идэр залуу насны олон жилийн хүч зүтгэлээ зориулж олон удаагийн
зэвсэгт тулгаралтад хариуцсан нэгжээ чадамгай зохион байгуулж амь бие
хайргүй тулалдаж гарамгай гавьяа байгуулсан юм. 1962 оны 07 дугаар сарын 13-нд МУ-ын баатар цол хүртжээ.
Лувсандоржийн Гэлэгбаатар /1914-1939/. Л.Гэлэгбаатар Японы самурай нарын эсрэг 1939 оны тавдугаар сард болсон удаа
дараагийн тулалдаанд дайчдыг зоригжуулан манлайлж чадамгай удирдан
зохион байгуулж явсаар 28-ны өдөр дайсны их хүчийг пулемётчин есөн
нөхрийн хамт 10-уулхнаа тогтоон барьж эрэлхэг тулалдаж байгаад амь
үрэгджээ. Түүнийг 1964-оны 09 дүгээр сарын 29-нд МУ-ын Баатар цолоор нэхэн шагнасан.
Чоймболын Шагдарсүрэн /1910-1939/. Тэрээр 1932 онд баруун аймгуудад гарсан хувьсгалын эсэргүү хүчийг дарах,
1933 онд Япон-Манжийн зэвсэгт дээрэмчид, 1934 онд баруун хязгаарын ард
олныг дээрэмдэн сүйтгэж байсан хасгийн бүлэг дээрэмчдийг бут цохиход
оролцжээ. 1936 оны гуравдугаар сарын сүүлчээр Японы милитаристууд халдан
довтлоход байлдааны үүргийг олон удаа амжилттай биелүүлсэн, Монгол
ардын армийн нисэх хүчний даргын хувьд нисэх хүчнийг хөгжүүлэх, эх орноо
дайсны халдлагаас хамгаалах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан
байна. Түүнийг 1965 оны 05 дугаар сарын 22-нд МУ-ын баатар цолоор нэхэн шагнасан.
Баясгалангийн Бадам /1898-1947/. Хилчдэд туслах ардын сайн дурын бүлгийн гишүүнээр олон жил идэвх
зүтгэлтэй, үнэнч шударга ажиллаж Шинжааны хасгийн болон гоминдааны
зэвсэгт дээрэмчдийн эсрэг эх орныхоо үүрэг даалгаврыг олон удаа биелүүлж
яваад дайсанд баригдаж тамлуулсан ч цэрэг, улсын нууцыг чанд хадгалсаар
амь үрэгдсэн юм.Тэрээр 1968 оны 06 дугаар сарын 14-нд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнагджээ
Даржаагийн Хаянхярваа /1915-1975/. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолд өнгөлзөн халдсан японы
түрэмгийлэгчидтэй хийсэн 1939 оны Халхын голын байлдаанд хуягтын
жолоочоор оролцож Баянцагааны тулалдаанд дайсны үлэмж амьд хүч, зэвсэг
техникийг сөнөөж ангиа давших бололцоогоор хангаж гарамгай байлдсан,
1945 оны чөлөөлөх дайнд хуягтын салааны даргаар оролцож эх орон, ард
түмнийхээ өмнө эрэлхэг гавьяа байгуулсан байна. Түүнийг 1969 оны 8 дугаар сарын 18-нд Монгол Улсын баатар цолоор шагнасан юм.
Үргэлжлэл бий...24tsag.mn
Сэтгэгдэл (35)