
Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Баяндэлгэр, Түвшинширээ сумдын нутаг дэвсгэрийг хамарсан өвчлөлийн голомт үүсээд байна.
Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтэс Аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 03-ний өдрийн а/54 дугаар захирамжийн дагуу Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан шүлхий өвчний нөхцөл байдал, тархалтаас урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх, хяналт тавих зэрэг ажлыг цаг алдалгүй шуурхай арга хэмжээг авч ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар өвчний голомтонд 47 өрхийн 183 хүн, 28634 тоо толгой мал байгаагаас өвчилсөн үхэр 143 үүнээс 120 үхрийг устгажээ.
Аймгийн онцгой комисс 2014.02.03-ны өглөө хуралдаж Баруун-Урт сумын төвөөс Асгат сумаар дамжин Дарьганга сум болон Шилийн богд руу явах, Онгон, Наран, сумдруу явах хөдөлгөөнийг хориглож, Улаанбаатар хотруу явах төв замууд дээр ариутгал, хяналтын пост байгуулан дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслүүдийг ариутган бүртгэл хөтөлж хяналт тавьж ажиллаж байна.
Тус цагдаагийн хэлтсээс өвчний голомтын бүс болон сэжигтэй бүсүүдэд хөл хорио тогтоох болон хэв журам сахиулах ажилд 28 постонд цагдаагийн хэлтсийн 33 алба хаагчийг хуваарийн дагуу томилон ажиллуулж сумдын хэсгийн төлөөлөгч нарт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоосон үед цагдаагийн байгууллагын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон хойшид анхаарах асуудлын талаар зөвлөмж зааварчилга хүргүүллээ.
Аймгийн засаг даргын захирамжаар Наран, Баяндэлгэр, Түвшинширээ, Дарьганга сумруу хяналтын бүлэг томилон ажиллуулж байгаа бөгөөд 2014.02.05-ны шөнө Түвшинширээ сумын нутаг, сумын төвөөс баруун хойш 40 км газарт Оорцгын уул гэх газар айлын хотонд 11 тооны үхэрт өвчний шинж тэмдэг илэрч, дуудлагын дагуу оношлогоо хийх ажлын хэсэг яваад байна.
Аймгийн хэмжээнд нийтдээ 5 суманд өвчний шинж тэмдэг илэрсэн, Баруун-Урт суманд ариутгал хяналтын пост байгуулан ажиллаж байгаатай холбогдуулан цагдаагийн хэлтсийн хүн хүч хүрэлцэхгүй болсон тул Хэнтий аймгийн Цагдаагийн газраас Түвшинширээ сумын нутагт ажиллах 4, Дорнод аймгийн цагдаагийн газраас Баяндэлгэр болон Дарьганга сумдад ажиллах 6 алба хаагчийг томилуулан ажиллуулахаар болоод байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/