"Дөрвөлжин Содбилэг" ТББ-аас өнөөдөр Дархан
аваргуудыг болоод Үндэсний бөхийн холбоог АТГ-т өгч байгаа талаараа
мэдээллээ. Энэ үеэр тус ТББ-ын тэргүүн Я.Эрдэнэбилэгээс тодрууллаа.

-Баяр наадмын тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Бид баяр наадмын хуулийг өөрчилж, Монгол үндсэн хуулийн гол агуулга хүний эрхийг дээдэлсэн, хэн нэгэн хүнийг ялгаварлан гадуурхахгүй бүх л хэлмэгдсэн, цолоор хохирсон хүмүүст үйлчилж чаддаг хуулийн төлөө л явж байна.
-Одоогийн байдлаар хэчнээн хүн хэлмэгдчихээд байгаа юм бэ?
-Өнөөдөр хэлмэгдсэнээ болъё гэхэд хохирсон хүн 10 гарчихаад байна. Тухайлбал, П.Сүхбат, Ц.Цэрэнпунцаг гарьд, И.Доржсамбуу, Ш.Батхуяг, гарьд Б.Гантогтох гэх мэт хохирсон хүмүүс байсаар байна. Энэ хүмүүс хуулийн золиос, авлигын хэлхээнээс болж хохирч байгаа юм.
-АТГ-т хандаж байгаагаа тодруулаач?
-АТГ-т өнөөдөр Үндэсний бөхийн холбоо, Дархан аваргуудыг өгөх гэж байгаа. Хамгийн гол нь бид олон жилийн дүн судалгаа хийсэн баримт дээр тулгуурлаж АТГ-т эдгээр өгч байна.
Яагаад ер нь 60 хүрчихсэн хүн ерөөсөө унадаггүй юм бэ. Яагаад зургаа, долоо даваад байдаг юм бэ?
Бурхан болчихноосоо эхлээд амьд байгаа дархан аваргуудад өдийг хүртэл шагнал урамшууллыг өгсөөр байтал шунал нь дийлддэгүй юм. Сайхан залуу бөхчүүдийг өвдөг сөхрүүлсээр байдаг юм гэж хэлмээр байна.
Энэ бүгдийн цаана нутгийн зөвлөл, албан тушаалтнууд байгаа шүү дээ. Өгдөг шагналуудаа эдгээр дархан аваргуудад өгчихсөн, гавьяа шагналуудаа ч хахуульдаад тэд авчихсан байхад одоо болно шүү дээ. Түүнчлэн Үндэсний бөхийн холбооны хэрэглэдэг тэр дугуй барилга бөхийн өргөө ч биш, тэнд 14 хоногт ганц удаа бөх барилдаж, бусад цагт нь нийтийн дуучдын өргөө болчихсон байдаг. Энэ барилга ч цагаа тулвал асуудалтай, авлигын газар шүү дээ.
-АТГ-т дархан аваргуудыг бас өгнө гэсэн үү?
-Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Д.Цэрэнтогтох аваргуудыг АТГ-т шалгуулах гэж байна. Энэ улсуудын хийж байгаа олон муухай зүйл байгаа. Бид мэргэжлийн улс болохоор үүнийг баримттай нь хэлнэ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (11)