Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 7/29 ба 12/43 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газраас гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршил дээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулж, төлөвлөлтийг иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлэн, барилгажилтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагыг дахаин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтад урьж байна. Аж ахуйн нэгжүүд НИТХ-аар баталсан найман байршилд төсөл хэрэгжүүлэгчээр оролцох боломжтой бөгөөд НИТХ-ын тогтоолын дагуу тодорхой шаардлагын дагуу материалаа бүрдүүлж, Гэр хорооллын хөгжлийн газарт хүргүүлнэ. Төсөл хэрэгжүүлэхээр ирүүлсэн саналыг 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 15:30 цагт Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг шалгаруулалтад оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ. Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг Нийслэлийн төр захиргааны V байр, Гэр хорооллын хөгжлийн газрын 104 тоот өрөөнд ирж авахаас гадна 70110733 утсаар холбогдох боломжтой гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй хаарилцах хэлтсээс мэдээллээ.
Жич: Аж ахуйн нэгжүүдэд санал болгож буй Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх байршлуудыг хүснэгтээр танилцуулъя.
№ Байршил Багцын дугаар
1 Чингэлтэй дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр дэх “Үндэсний олон нийтийн радио, телевизийн орчмын” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, 11,4 га. ГХДТ-2013/3
2 Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Дарь эх” амины орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, нийт 20 га. ГХДТ-2013/10
3 Багануур дүүргийн 1, 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, 48.53 га. /2 блок/ Б блок 25.24 га
ГХДТ-2013/13
В блок 23.29 га
4 Орон сууцны 7-р хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө (Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12-р хорооны нутаг дэвсгэрт)
Ү блок 4.8 га
ХЕТ-2013-1
5 Орон сууцны 14-р хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө (Баянзүрх дүүргийн 13,14-р хорооны дэвсгэрт) нийт 28.1 га. /2 блок/
Ё блок 18.7 га
ХЕТ-2013-2
З блок 9.4 га
6 Дэнжийн 1000 орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө (Чингэлтэй дүүрэг 9, 10, 11-р хорооны нутаг дэвсгэр)
Г блок 15.2 га
ХЕТ-2013-3
7 Чингэлтэй дүүргийн 7, 8 хороо, Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр, “МҮОНРТ орчим”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, 27 га. ХЕТ-2013-4
8 Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Мамба дацан” орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, 44 га. /2 блок/ А блок 20 га ХЕТ-2013-6
Б блок 24 га
Сонгон шалгаруулалтад оролцох аж ахуйн нэгжүүдийн бүрдүүлэх материал:
Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилганд заагдсан блокийн багц материалыг авах хүсэлтээ бичгээр ирүүлж, эргэн төлөгдөхгүй нөхцлөөр төлөгдсөн 250,000 (Хоёр зуун тавин мянга) төгрөгийн төлбөрийн баримтыг хавсаргасан байна. Блокийн багц материалд дараах бичиг баримтууд багтсан болно. Үүнд:
Холбогдох журам, тогтоол
Байршил, тухайн байршилд хийгдсэн загвар төсөл
Төслийн ажлын даалгавар

1. Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга
2. Сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, байгууламжийн бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын дүнг харуулсан мэдээлэл
3. Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт
4. Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон гэрээ, зээлжих эрх, банкны баталгаа болон түүнтэй адилтгах баримт бичиг/
5. Төслийг хэрэгжүүлэх техник, технологийн чадавхийн мэдээлэл /өөрийн эзэмшлийн тоног төхөөрөмж, машин механизм, хүний нөөцийн мэдээлэл, удирдлагын багийн танилцуулга/
6. Шүүхийн тодорхойлолт
7. Газар чөлөөлөх төлөвлөгөө, 7 хоногоор гаргасан графикийн хамт
8. Төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө, сараар гаргасан графикийн хамт
9. Газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахтай холбоотой оршин суугчдыг төсел хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө
10. Түншлэлийн гэрээ /2 ба түүнээс дээш тооны аж ахуйн нэгж нэгдэж консорциум хэлбэрээр төсөл хэрэгжүүлэх саналтай бол заавал ирүүлнэ/
Эдгээр бичиг баримтууд нь монгол хэл дээр үйлдэгдэх бөгөөд шаардлагатай тохиолдолд англи хэл дээр ирүүлж болно. Төсөл хэрэгжүүлэх санал ирүүлэх этгээд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
• Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээдийн эрхтэй байх
• Гадаадын этгээд Монгол улсад бүртгэлтэй байх /гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, эсвэл дотоодын аж ахуйн нэгжтэй түншлэлийн гэрээ хийсэн байх/