
Мөн зорчиж байгаа иргэдэд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэж, мал, түүний гаралтай түүхий эд борлуулдаг хүнс, түүхий эдийн захуудад хяналт шалгалт, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байна. Шүлхий нь салаа туурайтай мал, амьтдыг өвчлүүлэн богино хугацаанд маш хурдан тархаж үлэмж хэмжээний газар нутаг, улс орныг хамран гардаг онц аюултай гоц халдварт өвчин бөгөөд шууд хавьталын замаар малаас малд халддагаас гадна салхи, ус бэлчээр, хүн мал ялангуяа адуу зээр гөрөөс, бусад зэрлэг амьтад, шувуу зэргээр дамжин алс хол зайд үсэрхийлэн дэгддэг. Тиймээс нийслэлд мал амьтны гоц халдварт өвчин орж ирэхээс урьдчилан сэргийлэхийн тулд нийслэлийн Мал эмнэлэгийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Автотехникийн шалган бүртгэх товчоодод нэмэгдэл томилгоогоор цагдаагийн алба хаагчийг ажиллуулж байгаагаас гадна Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт 24 цагаар хяналт шалгалтын цэг, баталгаат бус замууд дээр хяналтын хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна гэж Нийслэлийн Oнцгой комиссоос мэдээллээ.