Морин жил гараад чухам ямар хэргүүдийг шүүхээр шийдвэрлэсэн хийгээд зарим хэргүүдийн мөрдөн байцаалтын явц аль түвшинд явааг тоймлон хүргэж байна. Мөн сар шинийн өдрүүдэд олныг цочроосон ямар хэргүүд гарсаныг та доорх мэдээллээс сонирхож болох юм.
“Нууц үг хулгайлах арга" гэсэн гарчигтай мэдээлэл тараасан этгээдэд хариуцлага хүлээлгэнэ
Сүүлийн өдрүүдэд фэйсбүүк болон бусад хэрэгслээр "Нууц үг хулгайлах арга" гэсэн гарчигтай мэдээлэл цацагдах болсон. Харин уг асуудлаар иргэдээс цагдаагийн байгууллагад гомдол иржээ. Уг гомдлын дагуу Эрүүгийн цагдаагийн газраас шалгалт хийхэд дээрх үйлдэл нь нууц үг хулгайлах бус доорх ID бүхий хуудаснууд автоматаар Like даруулах код байсан аж. Тиймээс цаашид энэхүү үйлдлийг бусдад тараасан хувь хүн, албан байгууллагууд яаралтай энэ үйлдлээ таслан зогсоох, мөн дахин ийм байдлаар хүний хүсэл сонирхлоос гадуур ямар нэг үйлдэл хийлгэх тусгайлан бэлдсэн код ашигласан, тараасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэхийг ЭЦГ-аас анхаарууллаа.
Сүхбаатар аймагт гарсан шүлхийтэлт хурцадлын шинжтэй байна
Сар шинийн үеэр Сүхбаатар аймагт шүлхий өвчин дэгдэж, хөл хөдөлгөөнийг хорив.
Одоогоор дахин найман үхэр шүлхий өвчнөөр өвчилсөн тухай мэдээлэл байгаа юм. Юутай ч шүлхий өвчин гарсан Сүхбаатар аймгийн сумдуудад хөл хорио тогтоосон учир гаднаас тус аймгийг иргэд зорихгүй байхыг албаныхан анхааруулж байгаа. Тиймээс ч Сүхбаатар аймгийн Онгон, Наран сум Дарьганга, Шилийн богд чиглэлийн хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа билээ. Хэрэв иргэд тус нутгийг зорьсон тохиолдолд машиныг нь ариутгаад буцааж байгаа юм.
48 цагийн турш хэрцгийгээр зодуулж нас барсан охины ээжийг авчрахаар хөөцөлдөж байна
Найз охиноо хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдан шалгагдаж буй Г.Алтанхүү ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор дахин задлан шинжилгээ хийж байгаа ч эцсийн хариулт гараагүй байна. Хууль ч М.Ичинноровын хэлж буйгаар "Хариуцаж байгаа мөрдөн байцаагчтай холбогдож лавлахад шүүх эмнэлгийн дүгнэлт албан ёсоор гараагүй байна. Ээжийг нь хөдөөнөөс авчрах гээд хөөцөлдөж байна. Удахгүй албан ёсоор мэдээлэл хийнэ" гэв.
Ж.Батсуурийн эхнэр “Цэвэр агаар сан”-гийн хэрэгт холбогдлоо
Н.Хүрэлсүх нарын 12 хүнд холбогдох "Цэвэр агаар сан"-гийн хөрөнгөөс завшсан хэрэгт УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн эхнэр холбогдсон байна. Өөрөөр хэлбэл, МХЕГ-ын улсын байцаагчаар ажиллаж байсан Д.Гэрэл гэх эмэгтэйг албан үүрэгтээ хайнга хандсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт буруутган АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлджээ. Тэгэхээр гэр бүлээрээ хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гишүүдийн тоо ийн нэгээр нэмэгдлээ.
“ Капитал” банкны гүйцэтгэх захирал ялаас мултарч, теллер нь 10.1 жилийн ял авав
"Капитал" банкны теллер Х.Мандах, гүйцэтгэх захирал А.Ариунболд болон Ерөнхий нягтлан Т.Мөнхсүрэн нарт холбогдох шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд боллоо. Шүүхээс А.Ариунболд, Т.Мөнхсүрэн нарт холбогдох хэргийг "Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй" хэмээн үзэж, хэрэгсэхгүй болгосон байна. Харин Х.Мандахыг Банкны хууль тогтоомж зөрчиж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт гэм буруутай хэмээн үзэж, 5.1 жил, бусдын хөрөнгийг залилан мэхлэх замаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр мөн 10.1 жилийн ял оноолоо. Ингээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлд заасны дагуу хөнгөн ялыг хүндэд нь оруулж тооцсоноор биеэр эдлэх ялыг 10.1 жил байхаар тогтоол гарчээ. Мөн шүүгдэгч Х.Мандахаас шүүхийн шийдвэрийн хүрээнд 100 мянган төгрөг, 200 мянган төгрөгтэй тэнцэх эд хөрөнгө битүүмжилж, хохирогч Ж.Бямбацогтод 924 сая төгрөгийг төлүүлж, хохиролгүй болгохоор шийдвэрлэсэн байна. Түүнчлэн хохирогч А.Адилбек, Ц.Авдил, Т.Наранцэцэг нарын дансыг мөрдөн байцаалтын явцад битүүмжилсэн шүүхийн шийдвэрийг цуцалжээ.
Нүцгэн зурагтай утсаа алдсан охин цахим ертөнцөөр шуугиан тарив
Сүүлийн үед манайд халаасны хулгай маш ихээр нэмэгдэх болсон. Тиймдээ ч хувь хүний хамгийн том нууцлал болох гар утас алдагдсанаараа тэр хүний нууц бүхэлдээ задарч байна. Сар шинийн дараахан нэгэн охины нүцгэн зургууд онлайн ертөнцөд ихээхэн шуугиан тарьсаныг та бүхэн санаж байгаа байх. Тухайн зурагны эзэн гар утсаа хулгайд алдсанаас энэ бүхэн үүссэн. Өдгөө охины хувьд сэтгэл санааны маш хүнд байдалд орчихсон байгаа төдийгүй саяхан цагдаа нар очиж уулзсан аж. Мөн энэ хэргээс улбаалж цахим гэмт хэрэгтэй тэмцэх төв ч ажлаа дорвитой хийхээр болсон билээ.


Одоогоор дахин найман үхэр шүлхий өвчнөөр өвчилсөн тухай мэдээлэл байгаа юм. Юутай ч шүлхий өвчин гарсан Сүхбаатар аймгийн сумдуудад хөл хорио тогтоосон учир гаднаас тус аймгийг иргэд зорихгүй байхыг албаныхан анхааруулж байгаа. Тиймээс ч Сүхбаатар аймгийн Онгон, Наран сум Дарьганга, Шилийн богд чиглэлийн хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа билээ. Хэрэв иргэд тус нутгийг зорьсон тохиолдолд машиныг нь ариутгаад буцааж байгаа юм.




Д.Дуулим
Сэтгэгдэл (6)