
Цагаан сар, улсын наадмаар уйдтал гаргадаг ч уйдаадаггүй “Гарьд магнай” хэмээх бөхийн тухай кинонд Амбантны цагаан Жигмэд гэх жудаггүй бөхийн дүр гардаг. Тэрээр Манжийн амбаны нэрийн өмнөөс гарч барилддаг болоод ч тэр үү бүхий л учраагаа гэмтээж бэртээхээ юман чинээ бодохгүй. Үзэгчид сүүлдээ “Жигмэд золиг дандаа ингэдэг юм шүү” гэж бэртээсэн залуу бөхчүүдийг харж өндөлзөнө. Харин барилдаж буй бөхөө хайрлаж явах ёстойг сануулах Молгио Очирын зэмлэлд дургүйцсэн Жигмэд “Чи битгий дэмий донгос. Яаж барилдахаа чамаар заалгах болж байна уу. Молиго Очир, Молиго Очир л гэнэ. Чиний тэр мэх чамдаа л байсан юм байгаа биз. Хэн мэдлээ. Би чамтай гар зөрүүлж үзсэн биш. Үнэн ч юм уу худлаа ч юмуу. Ямар ч байсан Очир аварга л гэж сонсоогүй юм байна. Чиний тэр өр зөөлөн сэтгэл чамтайгаа хамт дуусах байлгүй. Чигчий хурууны чилээ гаргахгүй байж юун ч олон үгтэй юм билээ дээ. Амаа татаж яваарай. Өгөр хожуул минь… Энэ хавтгай дээрээс хэдэн ясаа яаж цуглуулж авахыг нь үзье л дээ. Молги Очир Нялга Очир болох бий вий” хэмээн өсөрхдөг.
Энэ өсөрхөл, бие биеэ үл хүндэтгэх хандлага орчин цагийн Монгол бөхийн дэвжээн дээр ирснийг саяны цагаан сарын барилдаан харууллаа. Тиймээс Б.Гончигдамба, Ц.Содномдорж хоёрын барилдаан нэг хэсэгтээ л маргаан дэгдээхээр болов. Үзэгчид “Содномдорж золиг дандаа ингэдэг юм шүү” гэж ярьдаг болов. Уг нь харцага Ц.Содномдорж уран сайхан барилдаантай, ард түмний хайртай бөх. Сүүлийн үед гаргаж буй түүний араншин, жудаг нь олон хүний эгдүүцлийг хүргэх болов. Урьд өмнө болж өнгөрсөн олон барилдаануудад булхайцаж байснаас гадна дүрмийн бус зодог шуудаг өмссөн хэмээн шуугиулж явсан. Гэвч МҮБХ-ныхон түүнд сануулга өгөөд л ирсэн. Энэ удаа ч бас л сануулгаа өгөөд өнгөрөх биз. Олон сануулгатай булхайцаж барилдах залуу харцага эцэстээ олон түмнээсээ “Орчин цагийн Амбантаны цагаан Жигмэд” хэмээх алдарыг хүртэв. Бөхчүүдийг жудагтай сайхан эрчүүд гэж олон түмэн ярдаг. Гэвч олны дунд амиа бодсон иймэрхүү хүмүүс ганц нэгээр нэмэгдэх боллоо.
Сэтгэгдэл (14)