
-Юуны өмнө “Болор цом” наадамд түрүүлсэнд баяр хүргэе. Хэддэх жилдээ энэ наадамд оролцсон бэ?
-Баярлалаа. “Болор цом” наадамд гурав дахь жилдээ оролцож байна. Хамгийн сүүлд 2005 онд оролцож байсан. Энэ жилийн хувьд Өвөрхангай нутагт болсон. Нутаг усны дуудлагаар гэдэг юм уу, төрсөн нутагт маань зохион байгуулагдаж байгаа учраас оролцох ёстой юм байна гэж бодоод урьдчилсан шалгаруулалтад шүлгээ өгсөн.
-Энэ шагналыг хэр хүсэн хүлээж байсан бол. Хүндтэй энэ шагналыг гардаж авна гэдэгтээ өөрөө хэр итгэлтэй байсан бэ?
-2007, 2008 онд миний “Нүүдэлчин сэтгэлийн бадгууд”, “Дөрвөн цагийн мимори” гэсэн бүтээлүүд гарч байсан. Энэ хугацаанд би “Болор цом” наадамд оролцоно гэсэн бодол тээж явсангүй. Энэ удаад манай Өвөрхангай нутгаас төрсөн цэцэн билэгт зохиолч Дэндэвийн Пүрэвдорж агсны нэрэмжит болгож зохиосон нь бас очиж оролцох шийдвэр гаргахад нөлөөлсөн. Нэгэнт оролцъё гэж шийдсэн учраас эхний таван байрт шалгарч үлдэх юмсан гэж бодож байлаа. Түрүүлэх тал дээр өөртөө итгэлтэй байгаагүй ч бас хүн өөртөө итгэлтэй байх ёстой учраас түрүүлж чадахгүй гэсэн бодол төрөөгүй.
-Таны шүлгүүдийг уншихад шинэ цаг үеийн өнгө аяс, хэлбэр ажиглагддаг. Манай уншигчдын дунд байдаг нэг шүүмжлэл бол сүүлийн үеийн шүлгүүдэд монгол хэлний уран яруу хэрэглүүр үгүйлэгддэг гэсэн яриа. Энэ тухайд таны бодол?
-Би өөрөө нэлээд хүнд шүлгүүд сонгосон. Болор цомд унших гэж байгаа гэдэг үүднээс хөнгөн юм уу, шууд уншаад ойлгох шүлэг уншихыг хүссэнгүй. Зарим хүн тухайн наадамд нь тааруулж шүлэг унших тал ажиглагддаг. Би өөрөө юу бичсэн юм бэ гэдгээ л харуулж, өөрөөрөө байх нь чухал юм гэж үзээд бичсэн шүлгүүдээсээ хамгийн сайныг нь шилж уншсан. Уран зохиол, ялангуяа яруу найраг өөрөө уншигчаасаа сэтгэл зүйн бэлтгэл, орчин нөхцөл гээд олон боломжийг шаарддаг. Тиймээс нэг удаа уншихад ойлгохгүй байж болно. Магадгүй гунигтай эсвэл баяр хөөртэй байхдаа уншихад өөр, өөр сэтгэгдэл, ойлголт төрж болно. Би сүүлийн даваандаа “Хэзээ ба хожим өгүүлэх зангирмал үгс” гэдэг шүлэг уншсан. Гэхдээ би ойлгогдохгүй гэж биш тодорхой хэмжээнд яруу найргийн туршилт, давааг үнэртүүлсэн шүлгээ уншлаа л гэж бодож байгаа.
-Нэг уран бүтээл төрөхөд ямар хугацаа зарцуулдаг вэ. Зарим яруу найрагч шүлгээ их бодож бичдэг бол зарим нь шууд үзэг цаас бариад бичдэг гэлцдэг?
-Өөрийгөө ажиглахад би нэг их тэгж бодож бичдэггүй. Тодорхой тааламжтай орчин, уур амьсгал бүрдсэн үед гэдэг юм уу цаг зав гарсан, бичих эрмэлзэл төрсөн үед л шүлгүүдээ бичсэн байдаг юм. Түүнээс биш өнөөдөр л нэг гоё шүлэг бичих ёстой гэсэн даалгавар өөртөө тавьдаггүй.
-Яруу найрагчдаас байнга асуудаг, асуух нь зүйтэй нэг асуулт байдаг. Онгод гэж юу вэ, танд онгод ямар байдлаар илэрдэг вэ?
-Онгод гэдэг маань ерөөсөө авьяас гэсэн үг. Миний хувьд шүлэг яруу найраг бичих боломж бүрэлдэх тэр мөчийг л онгод гэж хэлнэ. Түүнээс биш онгод гэж тусдаа зүйл миний гарыг хөдөлгөөд бичүүлээд байгаа юм биш. Шүлэг бичих тэр таатай цаг мөчид өөрийн судалж, суралцсан утга зохиолын онолын төвшинд бичихийг хичээх ёстой. Өөрөөр хэлбэл тэр боломж, бололцоог ашиглан мэргэжлийн түвшинд авъяасаа шавхах ёстой юм.
-Хэзээнээс шүлэг уран зохиол оролдож эхэлсэн бэ. Таныг энэ уран зохиолын замналруу хөтөлсөн багшийнхаа талаар ярьвал?
-1994 онд дунд сургуулийн зургадугаар ангийн сурагч байхдаа анхныхаа шүлгийг бичиж байсан. Манай нутагт Мөрөн гэж гол байдаг. Энэ голынхоо тухай гурван бадаг шүлэг бичсэн байдаг. Тэр үед манай сургуульд “Болор эрхи” гэсэн наадам болдог байлаа. Тэр наадам анхныхаа шүлгийг уншсан багш нар маань их дэмжсэн. Үүнээс хойш сургууль төгстлөө ном унших, ширээний теннис тоглох, шүлэг бичих гэсэн гурван ажлыг үндсэндээ хийдэг байлаа. Энэ хугацаанд намайг хөтөлж байсан хүн бол манай сургуулийн хэл, уран зохиолын багш н.Өлзийтогтох гэж хүн байдаг. Багшдаа их баярлаж явдаг. 1998-2002 онд МУБИС-ийн утга зохиолын ажилтан, сэтгүүлчийн ангид суралцаж төгссөн. Энэ хугацаанд утга зохиолын онолыг Соргодогийн Энхбаяр багшаараа заалгасан. Тиймээс энэ хүнийг миний багш гэж хэлнэ.
-Та шүлэг бичихгүй үедээ юу хийдэг вэ?
-Би эрхэлсэн ажилтай. Ихэнх цагаа ажилдаа зарцуулдаг даа.
-Уран бүтээлийн санаагаа хаанаас, яаж олдог вэ. Уншигчдадаа ойлгуулах юмсан гэсэн санаа сэдэл бий юу. Тухайлбал Болор цомын сүүлийн шатанд уншсан шүлгийн санаа танд хэрхэн орж ирсэн бэ?
-Уран бүтээлийн санаа ерөөс өнөөдрийн өрнөж байгаа амьдрал дотор байх ёстой. Бид уран бүтээлийн санааг өөр, гадаад орчноос хайх хэрэггүй. Ямар нэгэн утгаараа уран зохиол чинь цаг үеийнхээ тусгал байх ёстой. Нэг талаасаа хамгийн анхан шатны хэмжүүр нь энэ. Тэгээд мэргэжлийн төвшинд бүтээж чадвал энэ чинь өөрөө үнэ цэнэтэй зүйл. Зангирмал үгс шүлгийн тухайд нэг орой хэсэг гиеүрэх зуурт орж ирсэн шүлэг.
-Яруу найраг таны уран бүтээлийн гол цөм мөн үү. Ер нь уран зохиолын өөр төрлөөр бичдэг үү?
-Ер нь бол би богино өгүүллэг бичдэг юм. 20 шахам богино өгүүллэг бий. 2006 оноос хойш хоёр, гурван жил идэвхтэй оролдож бичиж байсан. Харамсалтай нь ном болгож гаргаагүй байна. Цаашдаа үргэлжлүүлж бичнэ. Мэдээж хэрэг уран зохиолд шимтсэн, салахын аргагүй болсон хүний хувьд өөртөө нээлт хийж, ахиц дэвшил гаргаж, уран зохиолд өөрийн замыг гаргахын төлөө явна. Гэхдээ ямар нэгэн амлалт өгмөөргүй байна.
-Зарим уран бүтээлчид хүний оюуны уран бүтээлийг ингэж уралдуулах нь зөв, зүйтэй явдал биш гэж үздэг. Энэ талаар?
-“Болор цом” наадам бол ард түмний хүндлэл, хүлээлтийг үүсгэдэг. Цаашдаа болно, болохгүй гэсэн дуулиан шуугиан үүснэ гэдэг өөрөө ямар их хүлээлттэй байдгийн илрэл. Тиймээс уран бүтээлчдийн шүлэг, яруу найргаа унших ийм наадам байх нь зүйн хэрэг гэж бодож байгаа. Харин уралдуулах тухайд гэвэл сайн хэлж мэдэхгүй юм. Магадгүй монгол хүмүүс уламжлалаараа уралдуулах их дуртай ард түмэн юм шиг. Уралдаад, хэн нэгэн нь түрүүлээсэй гэж хүсдэг. Ер нь бол ийм тайзны, яруу найргийн уншилт байх ёстой юм. Энэ нь уран бүтээлийг уншигчдад хүргэхэд тус болдог. Зөвхөн “Болор цом” гэлтгүй иймэрхүү уншлагын арга хэмжээ сардаа, бүр долоо хоногтой нэг удаа зохиогдож байгаасай гэж боддог.
-Та бас арав гаруй жил яруу найраг бичиж байна. Танай үеийнхнээс хойш дараа, дараагийн үеүүд гарч ирж байна. Шавь сургах, уран зохиолын залуу халааг бэлтгэх талаар анхаардаг уу?
-Уран зохиод хүч үзнэ, сэтгэл зүрхээ зориулна гэдэг хүн уруу татах ажил биш. Уран зохиол хүнээс тэсвэр тэвчээр, сэтгэлийн тэнхээ шаарддаг учраас амархан гутардаг, шантардаг, эсхүл түүндээ автаад зөвхөн уран зохиолоор амьдрал ахуйгаа үүрэх хэмжээнд хүрэх тохиолдол байна. Урлаг өөрөө хүнд их халтай. Тэгэхээр би хэн нэгэн хүүхдийг уран зохиолд татаж оруулахаас эмээдэг. Магадгүй тэр хүн өөр салбар чиглэлд амжилт гаргаад сайн сайхан явахыг мэдэхгүй. Тун өөрөө хүсээд, хичээгээд байгаа хүүхдүүдийг мэдээж дэмжнэ. -Та судлаач хүнийхээ хувьд цаашид ямар ажил хийх төлөвлөгөөтэй байна?
-Судлаач хүнийхээ хувьд ямар ажил хийх төлөвлөгөөтэй байна вэ?
-Цаашдаа монгол уран зохиолын өв, нүүдэлчдийн уран зохиолын өв чиглэлээр судалгааны ажил хийх бодолтой байна. Ер нь монгол уран зохиолын өвийг таниулах нээх алдаршуулах боломж, орон зай нээлттэй байна. Тиймээс энэ чиглэлийн ажил эхлүүлэх бодолтой байгаа.
24tsag.mn
Ц.Элбэгсайхан
Ц.Элбэгсайхан
Сэтгэгдэл (6)