
Энэ кинонд гол дүр бүтээгээд зогсохгүй ерөнхий продюссерээр нь ажилласан жүжигчин Ө.Мөнгөнтулга хэлэхдээ "Юуны өмнө Монголын кино урлагийн түүхэн хуудаснаа нэгэн шинэ кино нээлтээ хийж байгаад баяртай байна. Хамтарч ажилласан уран бүтээлчиддээ баярлалаа. Хувь хүн албан байгууллагууд бидэнд тусалсан байгаа тэдэнд ч бас баярлалаа. Өнөөдрөөс эхлээд Ц.Ууганбаярын зохиолоос сэдэвлэн бүтээсэн Зоорь хэмээх 3D аймшгийн кино үзэгчдийн Тэнгис кино театрт нээлтээ хийж байна. Мөн маргааш нөгөөдөр үргэлжлүүлээд “Өргөө”, “Соёмбо” –ын дэлгэцнээ гарч эхэлнэ. Үзэгчид маань ялангуяа хүүхэд залуучуудын маань дунд их хүлээлттэй байсан. Ямар ч байсан бид энэ киногоо чадан ядан гаргалаа. Хүрэлцэн ирж үзээрэй. Санал шүүмжлэлээ хэлцгээгээрэй" гэлээ.
"Зоорь" кинонд хоёр бяцхан жүжигчин тоглосон бөгөөд тэдний нэг О.Анужингаас бид сэтгэгдлийг нь сонссон юм.

-Аймшгийн кинонд тоглоход ямар байсан бэ?
-Гоё.
-Ямар дүрд тоглосон юм бэ?
-Би гол дүрийн Саруул гээд охины дүрд тоглосон. Өмнө нь TV5-аар гарсан Нар гарнаа аз жаргал минь олон ангит кинонд Мөнгөнтулга ахтайгаа хамтарч тоглосон болохоор маш гоё байсан. Илүү ойр дотно санагдсан. Тэгээд Хүслэнт гэдэг охинтой хамтдаа тоголсондоо баяртай байна. Хүслэнт миний мөнхийн найз болж чадсан. Их хөөрхөн хүүхэд.
-Энэ кинонд тоглохдоо айгаагүй юу?
-Айгаагүй. Би зоорь руу ордог хэсгээс өөр аймар хэсэгт гараагүй.
Жүжигчин Д.Мөнхзул: Анх зохиолоосоо хүртэл айдаг байлаа

-Аливаа уран бүтээл гэдэг бол мэдээж нэгэн шинэ хүүхэд төрж байгаатай адилхан. Хүүхэд шиг бүрэлдээд тэр хүүхэд маань өнөөдөр төрж байна гэсэн үг л дээ. Бид яг өөрсдөө киногоо үзээгүй байгаа. Бүгдийг нь нийлүүлээд одоо л яг үзэх гэж байна. Энэ шилээ зүүгээд. Тэгээд ямаршуу байх нь гээд их догдолж байна.
-Аймшгийн кинонд тоголоход хүндрэлтэй зүйл юу байв?
-Эхлээд аймшгийн гэдэг утгаараа их эвгүй байсан. Зохиолоо уншчихаад ширээн дээрээ тавиад орлуугаа явахдаа зохиол дотроос янз бүрийн юм гараад ирэх гэж байгаа юм шиг санагдаад ширээн дээр байсан нэг сэтгүүлийн завсраар зохиолоо хавчуулаад унтаж байсан. Зохиол дотроос янз бүрийн юм гараад ирчих юм санагадаад л /Инээв/. Анх бол яг тийм л байсан. Би өмнө нь аймшгийн кинонд тоглоно гэж бодож байгаагүй. Тэгээд ямар ч байсан энэ кинонд тоглох учиртай юм байлгүй тоглочихлоо. Жүжигчин хүн өөрийгөө нээж хөгжүүлж байх ёстой гэдэг утгаараа энэ кинонд тоглосон байгаа. Энэ кинонд тоглосонноороо маш олон өөрчлөлт гарсан. Ертөнцийг үзэх үзэл аливаа юманд хандах хандлага ч бас өөрчлөгддөг юм байна лээ. Жүжигчин хүн амьдралдаа нэг удаа ч болов аймшгийн кинонд тоглоод үзчихэд гэмгүй санагдсан.
24tsag.mn