
Энэхүү арга хэмжээнд одоогоор Азийн 31 орны загвар зохион бүтээгчид оролцохоо мэдэгдээд байгаа бөгөөд Латин америк, Дубай, Гүрж, Австрали гэх зэрэг бусад орны загвар зохион бүтээгчид оролцох хүсэлтээ илэрхийлсэн байна. Зохион байгуулагчдын тооцоолж буйгаар нийт 50 гаруй орны 200 гаруй дизайнерууд “Азийн загварын долоо хоног-2014”-т оролцох аж.
Мөн энэ удаагийн наадамд дэлхийн миссүүдийг урьж оролцуулах ажил амжилттай болж Япон, Африк зэрэг орнуудын миссүүд хүрэлцэн ирэхээ мэдэгджээ.
Энэ үеэр зохион байгуулагчид “Азийн загварын долоо хоног-2014” бол зүгээр нэг загварын шоу биш энэ нь тухайн орны худалдааны ертөнцийг Азид төдийгүй дэлхийд сурталчлан таниулах томоохон арга хэмжээ гэдгийг онцгойлон хэлж байсан бөгөөд наадам зохион байгуулагдах хугацаанд тухайн орнуудын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах юм.
Манай улсаас 50 модель, таван дизайнер, таван үсчин гоо засалч энэхүү наадамд оролцох эрхтэй. Тиймээс эдгээр хүмүүсийг сонгон шалгаруулалт ирэх 8-р сарын 1-нээс өмнө гурван удаа болох гэнэ.

Наадмын ерөнхий зохион байгуулагч "Imex" корпараци бол хамтран зохион байгуулагчаар Монголын Загвар Өмсөгч, Дизайнеруудын Төгөлдөр Холбоо, Андра модель менежмент зэрэг байгууллагууд ажиллаж байна.
Мисс Х.Бадамгэрэлийн "Андра модель" агентлагийн хувьд загвар өмсөгчдийн зохион байгуулалтыг хариуцан ажиллаж байгаа юм. Тэрээр энэ талаар "Андра модель агентлаг зохион байгуулалтын хувьд хамтарч ажиллаж байгаа. Гэхдээ бүх модель агентлагуудад энэ үйл ажиллагаа бүрэн нээлттэй. Бид тодорхой хугацаанд бүх модель агентлагуудад албан бичиг явуулна. Тэр албан бичгийн дагуу модель агентлагууд өөрсдийнхөө шилдэг, сайн гэсэн моделиудаа оролцуулах бүрэн боломжтой. Тиймээс модель агентлагууд Монгол гэдэг нэрийг гаргах учир идэвхтэй оролцож үр бүтээлтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
Сонирхуулахад тус наадам нь өнгөрсөн жил Япон улсад амжилттай зохион байгуулагдсан бөгөөд дэлхийн 40 гаруй орны дизайнер моделиуд оролцсон томоохон арга хэмжээ болжээ.
А.Анар