Монгол Улсад сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Тэгш ойг тохиолдуулан төрийн дээд шагнал, одон медалиар шагнагдсан сэтгүүлчдийн шагналыг өнөөдөр Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид гардуулан өгч баяр хүргэлээ. Сэтгүүл зүйн салбараас сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, МУИС-ийн багш Л.Норовсүрэн, “Ардчилал” сонины анхны эрхлэгч С.Амарсанаа, ахмад сэтгүүлч Б.Монголхүү, Сэтгүүлч коллежийн багш Н.Дариймаа нарын таван хүн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Мөн сэтгүүл зүйн салбараас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор “Өнөөдөр” сонины тамгын газрын дарга Д.Заяабат, МСЭ-ийн референт Я.Сумьяа нарын таван хүн, “Алтан гадас” одонгоор МСЭ-ийн Дундговь аймгийн салбар зөвлөлийн дарга Ж.Заяабаатар, Ардчилал сонины гэрэл зургийн албаны дарга Ч.Цэцэгмаа нарын 13 хүн, Хөдөлмөрийн хүндэт медалиар “Болсон явдал” сонины эрхлэгч Я.Мөнхжаргал, МСЭ-ийн Булган аймгийн салбар зөвлөлийн дарга Г.Норжмаа нарын найман хүн шагнууллаа. Бүх сэтгүүлчиддээ баярын мэнд хүргье.
Сэтгэгдэл (5)