
Орос, Украины төлөөлөгчид АНУ-ын зуучлалтай гурван талт энхийн хэлэлцээ хийхээр өнөөдөр /2026.11.10/ Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод уулзана. Уг уулзалтаар Абу Даби хотод болох хоёр өдрийн уулзалтаар дайныг зогсоох, Украины аюулгүй байдлын баталгаа болон газар нутгийн маргааныг хэлэлцэнэ. Арваннэгдүгээр сарын 10-11-нд үргэлжлэх уг хэлэлцээ нь хоёр улсын төлөөлөгчид АНУ-ын оролцоотойгоор энэ оны хоёрдугаар сараас хойш анх удаа нүүр тулан уулзаж буй тохиолдол юм.
АНУ-ын тусгай элч Стив Уиткофф болон Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнер нар Америкийн төлөөлөгчдийг ахална. Харин Оросын талаас Ерөнхийлөгч Владимир Путины зөвлөх Владимир Мединский, Украины талаас Гадаад тагнуулын албаны тэргүүн Рустем Умеров нар төлөөлөгчдөө удирдахаар болжээ.
Хэлэлцээний гол зорилго нь Орос, Украины дайныг зогсоох дараагийн алхмуудыг тодорхойлох, дайны дараах аюулгүй байдлын баталгааг хэлэлцэх, цэргийн хурцадмал байдлыг бууруулах болон хүмүүнлэгийн асуудлаар тохиролцоонд хүрэх юм. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский гал зогсоох, эрчим хүчний дэд бүтцэд халдахгүй байх, Хар тэнгисийн тээврийн гарцыг нээх, олзлогдогсдыг солилцох асуудлыг хэлэлцэх шаардлагатай гэж мэдэгджээ.
Харин газар нутгийн маргаан хэлэлцээний хамгийн том саад хэвээр байна. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украины зүүн хэсгийн Донбассын бүс нутгийг бүхэлд нь өөрийн хяналтад авах шаардлага тавьж байгаа бол Киев өөрийн нутаг дэвсгэрээс татгалзахгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн юм. АНУ-ын албаны хүний мэдээлснээр, хоёр тал газар нутгийн асуудлаар албан ёсоор хатуу байр суурь илэрхийлж байгаа ч хаалттай хүрээнд тодорхой хэмжээнд буулт хийх боломжийг ярилцаж байгаа аж. Мөн Украиныг ирээдүйд дахин халдлагад өртөхөөс хамгаалах аюулгүй байдлын баталгаа хэлэлцээний чухал хэсэг болох төлөвтэй байна.
Европын орнууд хэлэлцээний үндсэн ширээнд албан ёсоор оролцох эсэх дээр санал зөрөлдөөн үүссэн. Гэхдээ Франц, Герман, Их Британи болон Европын холбоо, НАТО-гийн төлөөлөгчид Абу Даби хотод тусдаа уулзалт, зөвлөлдөх ажиллагаа явуулахаар болжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энхийн гэрээ байгуулах боломж ойртсон гэж үзэж байгаа ч шинжээчид газар нутгийн маргаан болон Украины аюулгүй байдлын асуудлаар талууд нэгдсэн байр сууринд хүрэхэд хүндрэлтэй хэвээр байгааг анхааруулж байна. Энэхүү хэлэлцээний үр дүн нь Европын аюулгүй байдлын ирээдүйд төдийгүй 2022 оноос хойш үргэлжилж буй дайныг зогсоох үйл явцад чухал нөлөө үзүүлэхээр байна.
Л.Баяр




















































