
Жорж Оруэллийн “Амьтны ферм” зохиолоос сэдэвлэсэн мета драмын жүжиг үзэгчдэд хүрч байна. Английн зохиолч Жорж Оруэллийн алдарт “Амьтны ферм” зохиолоос сэдэвлэсэн ижил нэрт мета драмын жүжиг үзэгчдийн хүртээл болж байна.
Тус жүжгийн ерөнхий найруулагчаар Т.Цэнд-Аюуш, зохиолчоор Т.Мөнхбулган, ерөнхий продюсероор М.Ганди, Г.Сэр-Од нар ажиллажээ.
“Амьтны ферм” бол эрх мэдэл хүнийг хэрхэн өөрчилдөг тухай төдийгүй, эрх мэдлийг хүсэх мөчөөс эхлэн хүний ухамсар хэрхэн хувирч эхэлдгийг ёгтлон харуулсан бүтээл юм. Эрх чөлөө, тэгш байдлыг тунхагласан амьтад эцэстээ өөрсдийн бий болгосон дарангуйллын өмнө зогсохдоо хүний хамгийн аюултай дайсан нь гаднаас ирэх эзэн бус, харин өөрийнх нь унтаа ухамсар байсныг ухаарна.
Оруэллийн зохиолд фермийн амьтад хуучин дэглэмийг эсэргүүцэн босож, өөрсдийн хувьсгалын түүхийг бүтээдэг. Тэд өмнөх тогтолцоог нурааж, шинэ нийгмийн дүрэм тунхаглана. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр анх тогтоосон зарчим өөрчлөгдөж, үгсийн утга хувирч, өчигдрийн үнэн өнөөдрийн худал болон хувирдаг.
Ийнхүү нийгмийн тэгш эрх, эрх чөлөөний төлөө эхэлсэн тэмцэл эцэстээ хоосон уриа болж, эрх мэдлийн төлөөх тэмцэл шинэ дарангуйллыг бий болгодог. Энэхүү бүтээл нь эрх мэдэл, шударга ёс, хүний мөн чанар, нийгмийн ухамсрын талаар үзэгчдэд эргэцүүлэл төрүүлэх аж. Тус жүжиг Тусгаар тогтнолын ордонд өдөр бүр 19:00 цагаас тоглогдож байна.
Л.Баяр


























































