
“Баялагтаа эзэн Монгол” хэмээн амлаж сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюутолгойн ногдол ашгийг иргэдийнхээ дансанд шилжүүлэх ёстой гэж мэдэгдлээ. Олонх нь энэ мөнгийг шууд авахыг хүсэж байгаа боловч эргээд инфляцаа дийлэх үү гэсэн эргэлзээ ч нэг хэсэгт нь байна. Ямар боловч нийгэмд талцал болоод буй энэ сэдвийн гүн рүү орохгүйгээр нэг л зүйлийг хэлэх гэсэн юм.
Оюутолгойн 34 хувийг Монгол Улс эзэмшиж байгаа учраас бид өнөөдөр 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг хэрхэх талаар маргалдаж сууна. Хэрэв энэ орд 100 хувь гадаадын хөрөнгө оруулагч компанид байсан бол ногдол ашгийн тухай ярих ямар ч боломжгүй нь бодит үнэн юм.
Тэгвэл биднийг ийн мэтгэлцэж суух хооронд дараагийн Оюутолгой ч байж болохуйц зэс, алтны үндсэн орд 100 хувь хятадуудын гарт оржээ. Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт байрлах Зос уулын алт, зэсийн үндсэн ордыг хятадууд 30 жилийн хугацаатай лицензийг нь авч, олборлолтоо эхлүүлэхэд бэлэн болсон байна. Энэ ордын лицензийг 2050 оны есдүгээр сарын 1 хүртэл эзэмшигч нь “Вестерн Монголиан Девелопмент” гэсэн Сүхбаатар дүүргийн I хороонд байрлах компани. Өнгөн дээрээ Г.Золбаяр гэсэн монгол захиралтай, монголчуудынх юм шиг харагдах энэ хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч нь харин Сингапурт бүртгэлтэй “Western Metals Corporation” компани юм байна.
Эндээс л бүх зүйлийн учир тайлагдана. “Western Metals Corporation” компанийн эцсийн өмчлөгч нь малайз-хятад гаралтай Куокийн гэр бүлийнхэн. Өөрөөр хэлбэл, Азийн “Элсэн чихрийн хаан” гэгддэг Роберт Куокийн гэр бүлийнхэн ахиад л Монгол газар шороонд эзэн суусан нь энэ.
Ахиад гэсэн нь Шангри-ла зочид буудал, үл хөдлөх хөрөнгийн “Kerry Properties” зэрэг үндэстэн дамнасан томоохон корпорацуудыг эзэмшдэг Куокийн гэр бүлийнхэн Монголын уул уурхайн салбарт аль эрт гар дүрээд амжсан. Тэд өмнө нь мөн л Завхан аймгийн Дөрвөлжин суманд үйл ажиллагаа явуулах хугацаандаа удаа дараа химийн хорт бодис цианит натри хөрсөнд их хэмжээгээр алдаж байсан Баян айрагийн уурхайг олборлож байсан хүмүүс.
Зос уулын орд бол асар их алт, зэсийн нөөцтэй үндсэн орд. Эхний шатны нөөцийг нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл тогтоож, Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэчихээд байгаа. Мөн Австралийн ALS Metallurgy Pty Ltd-д зэсийн хүдрийн дээж шинжлүүлэхээр хэд хэдэн удаа Монгол Улсын хилээр дээж нэвтрүүлээд байгаа юм.
Тун сонирхолтой нь, энэ ордын лиценз эзэмшигчдээс монголчууд нь ээлж дарааллан хасагдсаар өдгөө зөвхөн Куокийн гэр бүлийнхэнд 100 хувь шилжжээ. Дам сонсоход Монголын улс төр, бизнесийн томоохон бүлэглэлүүдтэй тэд тун нягт хамтарч ажилладаг юм байна. Куокийнхны ухаад дуусгасан Баян айрагийн орд дээр Ерөнхий сайд П.Жасрай агсны хүү Жамсран, мөн одоогийн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номингийн хадам аав зэрэг хүмүүс оролцоотой байснаас харагддаг аж.
Зос уулын ордыг хууль, дүрмийнх нь дагуу олборлох нь мэдээж гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй. УИХ-аас ч саяхан олон жил “салхи оруулаагүй” Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах заалтууд баталсан. Гэхдээ хөрөнгө оруулагчдыг хамгаалж байна гээд хууль зөрчсөн үйлдлүүдийг нь “нүдээ аниад” өнгөрөөж болно гэж үү?
Яг энэ асуултыг Зос уулын орд дээр тавихад хүрч байна. Юу гэхээр төрийн шийдвэрийг Куокийн гэр бүлийнхэн дагах ёстой болохоос Монголын төр тэдний асуудлыг нөхөж шийдсээр байж болохгүй юм. Аливаа уул уурхайн төсөл хэрэгжихдээ эхлээд аймаг орон нутагтайгаа юун түрүүнд асуудлаа шийдсэн байх ёстой. Тэгж байж зөвшөөрөл нь гардаг. Гэтэл Зос уулын орд дээр компани нь эхэлж шийдээд, төр нь нөхөж шийдвэрээ гаргасаар зөвшөөрлийг нь олгочихсон байдаг. Баян айрагийн уурхай дээр химийн хорт бодис хөрсөнд алдахаас эхлээд ноцтой алдаа олонтаа гаргаж, сум орон нутагт нь ч төдийлөн дэмжлэг болж чадаагүй алтыг нь аваад авдрыг нь хаясан Куокийнхонд Зос уулын орд дээр төрийн дэмжлэгийг хууль зөрчин байж үзүүлж байгаа хүмүүс нь Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Дөрвөлжин сумын Засаг дарга Г.Цогзолмаа нар юм. Тэд бол хувийн ашиг сонирхлоо хуулийн дээр тавихаасаа сийхгүй хүмүүс гэдгийг завханчууд анддаггүй юм билээ.
Г.Өнөрбаяр Завхан аймгийн Засаг даргаар тооноор орж ирж томилуулсан хүн. Одоогийн УИХ-ын гишүүн Э.Болормааг Ховдод, Г.Өнөрбаярыг Завханд Засаг даргаар тухайн үеийн Ерөнхий сайд шууд томилсон байдаг. Аймаг, орон нутгийнхаа дэмжлэгийг авч ИТХ-д сонгогдоогүй ийм хүмүүс төвөөс томилгоогоор очсон даруйдаа нутаг орныг бужигнуулсан байдаг. Тиймээс л өнөөг хүртэл сонгосон ард түмэн байхгүй учраас томилсон албан тушаалтнууддаа үйлчилсээр байгаа юм. Г.Өнөрбаярын хувьд хэзээнээс хуульд бус, “эзэн”-д үйлчилсээр ирсэн намтартай.
Завханы Засаг дарга болохынхоо өмнө мөн л Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ямар ч сонгон шалгаруулалтгүй томилогдож байсан. Мөн л төрд бус, томилсон хүмүүстээ үйлчилж Төрийн нарийн бичгийн дарга байхдаа 39 нууц гэрээ байгуулж, 395.9 сая төгрөг бусдад шилжүүлсэн, мөн 543 сая төгрөгийн зөрчил гаргасан талаар нь нэг хэсэг хэвлэлээр шуугиж байсан удаатай. Тэгвэл одоо мань хүн Зос уулын ордыг хятадуудад найр тавин өгч, Завхан нутгийн иргэдийн эсрэг ажиллаж эхэлжээ.
Завхан нутгийг замын буудал шиг зайдалж суусан Г.Өнөрбаярт нутгийнхан итгэл алдарсанд гайхах юм алга. Хээрийн боохойтой нийлсэн гэрийн нохой чононоос аюултай гэдэг шиг л юм болж байна. Засаг дарга Г.Өнөрбаярын Зос уулыг уухуулахын тулд дөрөө харшуулан яваа хүмүүс нь Куокийнхний Монгол дахь тавиулууд. Гэтэл Баян айрагийн уурхайг цианит натри удаа дараа асган барин хоосолж дуусгачихсан Куокийнхонд Засаг дарга Г.Өнөрбаяр дараагийн ордоо хадган дээр тавиад өгөхийн учир юу вэ. Уул уурхайн төсөл хэрэгжсэн аймагт уг нь нүдэнд харагдаж, гарт баригдах хөгжил ирэх ёстой. Харамсалтай нь, Завханыханд Баян айрагийн уурхайгаас ухсан нүх, цианит натрид хордож үхсэн мал амьтан, шувууны сэг л үлдсэн шүү дээ! Иймээс л Завхан нутгийнхан Зос уулаа харсаар байгаад зоосны нүхээр гоожуулаад дуусгах вий хэмээн болгоомжилж байгаа ажээ. Бид ч бас Завханы Засаг дарга Г.Өнөрбаяр, Дөрвөлжин сумын Засаг дарга Г.Цогзолмаа нар Куокийн гэр бүлд хэнээр дамжуулж, хэрхэн үйлчилж байгааг цувралаар хүргэх болно.
Т.Золзаяа




















































