
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн улс төрийн гол өрсөлдөгч, армийн штабын дарга асан Гади Эйзенкот тус улсын дараагийн Засгийн газрыг байгуулах эрх авчээ. Энэ нь Израилын хамгийн удаан хугацаанд Ерөнхий сайдаар ажилласан Нетаньяхуг эрх мэдлээс нь зайлуулахад нэг алхам ойртсон үйл явдал болов. Гэвч шинэ Засгийн газар байгуулах зам тийм амар биш байна. Өнгөрсөн аравдугаар сарын 27-нд болсон парламентын сонгуульд төвийн үзэл баримтлалтай Яшар намыг тэргүүлсэн Эйзенкот ялалт байгуулсан ч парламентад олонх болж чадаагүй юм. Тус улсын Ерөнхийлөгч Ицхак Герцог ням гарагт түүнд Засгийн газар байгуулах албан ёсны эрх олгохоор болсноо мэдэгджээ.
Эйзенкот парламентын нийт 120 гишүүний 67-ын дэмжлэгийг авсан бол Нетаньяху ердөө 46 гишүүний дэмжлэг авчээ. Түүнчлэн Нетаньяхугийн уламжлалт холбоотон байсан Нэгдсэн Тора иудаизм нам түүнийг Засгийн газар байгуулахыг дэмжихээс татгалзсан нь түүний улс төрийн эвслийн дотоод хагарлыг илчилсэн байна.
Эйзенкот ирэх зургаан долоо хоногийн хугацаанд эвслийн Засгийн газар байгуулах боломжтой. Тэрбээр өөрийн нам болон бусад гурван сөрөг хүчний намтай хамтран үндэсний онцгой байдлын Засгийн газар байгуулах зорилт тавьжээ. Эдгээр дөрвөн нам парламентын 48 суудалтай бөгөөд олонх болоход 61 суудал шаардлагатай.
Түүний хувьд Арабын хоёр намын дэмжлэгийг авах боломж байгаа ч Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулахгүй байх нөхцөл тавьсан нь асуудал үүсгэж байна. Харин парламентын гаднаас дэмжлэг үзүүлэх замаар Эйзенкотын Засгийн газрыг тогтвортой байлгах боломжтой гэж үзэж байгаа юм.
Гэвч сөрөг хүчний эвслийн нэг хэсэг болох Авигдор Либерман Арабын намуудын дэмжлэгтэй цөөнхийн Засгийн газар байгуулахыг эрс эсэргүүцжээ. Тэрбээр хэт шашны үзэлтэй намуудтай хамтран олонх бүрдүүлэх өөр хувилбар санал болгосон байна. Гэвч эдгээр намууд хэт ортодокс шашны эрчүүдийг цэргийн албанаас чөлөөлөх асуудлаар байр суурийн зөрүүтэй байгаа юм.
Нөгөө талаас Нетаньяху сонгуулийн үр дүнг эсэргүүцэж, Арабын намууд хээл хахууль болон гадаадын санхүүжилтээр сонгуулийг будлиантуулсан гэж мэдэгдсэн ч үүнийг нотлох баримт одоогоор гараагүй байна. Тэрбээр Арабын намуудын дэмжлэгтэй Засгийн газар байгуулагдвал Израил оршин тогтнох боломжгүй болно хэмээн анхааруулж, үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулахыг уриалжээ.
Эйзенкотын эхний томоохон сорилт ирэх мягмар гарагт шинэ парламентын гишүүд тангараг өргөх үеэр эхэлнэ. Хэрэв тэрбээр Засгийн газар байгуулж чадахгүй бол эрх мэдлийг дахин Нетаньяхуд шилжүүлэх боломжтой бөгөөд энэ нь Израилд ээлжит бус сонгууль явуулах нөхцөл ч бүрдүүлж мэдэх юм.
Л.Баяр



















































