жонгол Улсын Ардын жүжигчин Д. Чимэд-Осорын мэндэлсний 100 жилийн ойд
(Д. Чимэд-Осорын сэтгэл зүйн хөрөг)
ЭХЛЭЛ
Нүдний өмнө нэгэн жигтэй, жоготой харц үе үе жиргэх нь үүл болон элдэвлэх шиг, өвс болон нялхрах шиг, уул болон өндөлзөх шиг, ус болон буриглах шиг санагдахуйяа хэн нэгний үрчлээт магнай, буурал санчиг, сартгар хамар бүдгэрч мөнөөх ёжтой харц улам тодрох нь ер бусын. Энэ бол эргэлзээгүй Ардын жүжигчин Дэндэвийн Чимэд-Осорын харц ажээ.
Би нүдээ тас анив. Гэвч тусыг эс олов. Далд чанадын шидэт долгис махан зовхийг төдийгүй манант сэтгэлийг нэвчин, орон зай цаг хугацааг үл ажран гагц хүмүүний харц хөлөглөн энэ орчлонг эрхшээн зуун жилийн хөшгийг яаран ярах нь юусан билээ.
Ай даа, зуун жил гэгч мянган жил шиг алс үзэгдэвч үнэндээ дэргэдийн чи бидэн шиг ойрын бөгөөд бодохуйяа дотны андын минь ерийн нэгэн төрсөн өдөр юмсанж. Нүд гэгч сэтгэлийн толь, харц гэгч хазааргүй хязгаарын дохиолол мэт санагднам.
Нэг. ШУКАРЬ ХАРЦ
Намайг гэрт нь ороход тэрбээр мухар жижиг ширээнээ ээрүүл шиг жижиг тоглоом эргүүлэн хүүхэд шиг хөгжин хөөрөн тоглож байх юм.
Тоглоомыг харахуйяа, эрээн хормогчтой эрх гүнж хан хүүгийн өмнө салхи мэт хуйлран байна уу гэлтэй агаад тэр эгшин нь эгэл жирийн амьдралаас салж эрхс гаригийн аялал хийх мэт сонин санагдаад явчихав. Мөнөөх хөгжигч тоглоомоо ялим дээшхэн өргөн баруун гарынхаа эрхий долооврыг огцом хүчтэйхэн эмхэрдэн эрчлэн тавихад тэр нь сүрхийн дуугарч нар зөв эргэж ширээний нэг захаас нөгөө зах хүртэл туулайчлан дэгдсэнээ буцаж тавцан голлоод нэг газар тогтож чимээгүйхэн хэсэг эргэснээ эрч нь суларч хэд дайвалзсанаа буудуулсан элээ шиг навтасхийн хажуулдахад бид хоёр түс хийн зэрэг инээлдэв.
Амьдрал гэгч энэ эргэлдэх ээрүүлгэн тоглоом шиг ажээ.
Тэр толгой өргөн сониуч, энхрийхэн харцаар намайг буландан харснаа гэнэтхэн,
-“Орос хүмүүс”-ийн Розенбергийг тоглоход өмссөн хувцаснаас немц офицерийн хулмас ханхалж байсан гэв. Өчигдрийн яриагаа үргэлжлүүлж байгаа нь энэ. Бид хоёр монголын тайзнаа 1943 онд тавигдсан К. Симоновын “Орос хүмүүс” хөгжимт драмын жүжгийн тухай ярьж байсан юм. Тэр жүжигт Дэндэвийн Чимэд-Осор хэмээх энэ эрхэм гол дүрд тоглож байсан билээ.
-Симонов тэгтлээ тултал нь бичиж, Рабинович, Оюун гуай хоёр үнэрттэл нь найруулсан гэсэн хэрэг үү гэж намайг үг өдөн лавлахад,
-Гаваа, Бельский хоёрын тайз, хувцасны зургаар найруулагчид л хүсэлт тавьсан байх, дайнд олзлогдсон герман цэргийн баахан хувцас театрт ирэхгүй юу. Сумны цоорхойтой малгай, цусны толботой шенель, хулмастай цамцыг харах биш өмсөхөд бие арзасхийгээд эвгүй юм билээ. Дайны цаг юм даа, хөөрхий гэв.
Тэр мөнөөх тоглоомоо хураахаар чихэрийн хөх алаг төмөр хайрцаг онгойлгоход тэнд нь ширээний цагны баадууны гол, хаа нэгтэйгээс худалдан авсан, бас өөрөө зорж эвлүүлэн хийсэн бололтой арав гаруй эргэдэг тоглоом харагдав. Төмөр хайрцгийг нямбайлан хааж нялх хүүхдийн сэвлэг илж байгаа мэт турьхан хуруугаараа зөөлхөн тэмтэрч, алгаараа таалснаа цааш тавиад нааш эргэв.
Харц нь өөрчлөгджээ. Дөнгөж сая хүүхэд мэт хөөрч, эрхий долоовроо эмэрдэж байсан өвгөн биш харин аль хэдийнэ дайны талбарт нуувчнаас ажиж буй офицер шиг гэтэл, үгүй юм аа мөнөөх Шукарь харц мөн байна. Гярхай, сонжсон атлаа ухаалаг. Тэр харцны цаана мөн ч их юм тунарч байх шиг.
Ширээн дээр нь байх өвгөн Шукарийн эгдүү хүрэм марзан жижиг баримал бас болоогүй ээ, Болгар “BT” янжуурын хугархай зуучихсан байгаа нь яг адилхан харагдав. Түүний цаана Шукарь өвгөний дүрд тоглож буй Д. Чимэд-Осорын өөрийнх нь гэрэл зураг байна. Өвлийн шалчигар малгайны чих нь ноолгор хавных шиг хоёр талруу нь унжиж, сэг болсон нэхий дээлнийхээ сэрэмгэр үсийг захлуулж чөргөр хоёр гарынхаа алгыг дээш харуулан аврал эрэхийг үзвэл ганц тугалтай үнээгээ хамтралаас нууж үйлээ үзэж буй хасаг өвгөн мөн авч үл ялиг ёжлонгуй уруул, шазав татахын өмнөх шазруун жавжийг гэрчлэх мэт мантгар хамрын дээгүүр цоо гэрэлтэх онигор нүдний эрс шулуун харц нь тугалаа алж тугийг нь шатаахаас сийхгүй омог төгөлдөр үзэгдэнэ.
-Энэ зураг хэдэн оных билээ
-Нэгэн мянган есөн зуун тавин есдүгээр оных оо
-Гүй ээ, энэ гэрэл зураг, Шукарын баримал, та гурав мөн дүйж байна аа.
Тэр ялимгүй мушийн дээш цавчлан харснаа хүүхэд шиг шилээ маажингаа,
-Шукарь нь Шукарь шиг өтөлж байна даа гэж доройхон дуугарч уруулаа шилэмдэн доош харав.
”Шал дэмий юм хэлчихэв үү” гэж миний зовж байна гэж жигтэйхэн. Гэвч Шукарь маань он жилийн урсгалд уярсынх аж. Тэр иймэрхүү үг хэлэхэд харц нь улам тунгалагшин, дуу нь цээлсээд ирэв. Он цагийг бүтээсэн дүрээрээ аргамжиж, өөрийн туулах замаа туулсан амьдралаараа хэмжээлж байх шиг, идэр залуудаа эсэргүү нарт баригдан эрүүдүүлж явснаа, хар бага наснаасаа хатуу хүтүүг туулснаа дөнгөж сая харцнаасаа сэгсрээд хаячих шиг санагдлаа.
Д. Чимэд-Осор жүжигчнийг би л лав гуайлж байсангүй. Урлагийнхан голдуу хөгшин хөвөөгүй “Шукарь” гэж дуудна. Тэгж дуудахад хэн хэндээ төвөггүй, насны ялгаа арилж үе тэнгийхэн шиг болдогсон. Өөрөө ч Шукарьдаа хайртай, тэгж дуудуулах дуртай байсан юм. Амьдралын их мөрөнд дураар сэлэхдээ тэрээр сайн муу, сайхан муухай бүхнийг Шукарийн харцаар дэнсэлж, өөрийн ухаанаар шүүн тунгаадаг байсан гэж би боддог юм.
М. Шолоховын учирлал, Д. Чимэд-Осорын ухаарал хоёр “Сэтгэлийг шинэтгэсэн нь” жүжигт давхцсан нь гайхам тохиол байх. Театрын тайзнаа хамгийн сүүлд, тэгэхдээ орлон тоглогчоор, бараг ганц удаа тоглоод л түүгээрээ нэршиж, гэршиж алдаршина гэдэг давтагдашгүй зүйл. Ямар азаар тэр үед түүнийг кино руу уруу татсан юм, ямар эзээр Бат-Очир нэг удаа өвдөж оронд нь Ванган найруулагч Сонгины булангаас түүнийг дуудагдаж ирүүлсэн юм. Ер нь юмны тохио гэдэг ийм адтай, тийм азтай гэмээр. Амьдрал, уран бүтээлийн энэ давхцал, хувь заяа, зөн совин зуун жилийн дараа ч бидний нүдний өмнө жигтэй, жоготой жиргэх нь мөнөөх Шукарь харц аж.
Хоёр. ЖИШҮҮ ХАРЦ
Намайг гэрт нь очиход тэрбээр мухрын өрөөндөө ганцаар шил юм задалчихсан, эхэлчихсэн аятай сууж байх юм. Би очилгүй хагас сар болчихжээ. Тунирхаж байнаа, эрүүгээ ялигүй илж жишүү хараад андашгүй.
-Ээжээ цайгаа гэж байна.
-Сайн уу. Ажил ихтэй байв уу гэсээр Шаравын Дондов эгч гал тогооны өрөөнөөс бүлээн цай аягалан ирж байна. Эхнэрийгээ ээж гэж дууддаг хүн байв.
-Гайгүй ээ.
Надад үүнээс өөр үг олдсонгүй. Би тэр үед ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Урлаг судлалын секторт эрдэм шинжилгээний ажилтан, театр судлагчаар ажиллаж байсан юм. Манай сектор урлагийн түүх, тэр дотроо “Монголын театрын түүхэн найруулал” хэмээх судалгаа хийж байсан бөгөөд миний хувьд гуч, дөчөөд оны театрын түүхийн амьд гэрч, нэвтэрхий толийн нэг нь Д. Чимэд-Осор байсан юм. Тиймээс тэдний гэрээс салдаггүй байсан, тэгээд л дасаж орхиж.
Бүлээн цайг халуун цай шиг оочиж, хөлсөө арчиж тэвдэнгүй, гэмшингүй сууж байсан намайг Шукарь маань өрөвдсөн юм байлгүй зориуд өөлд аялгуу гарган,
-Алив коо, наашаа суу гэж мэлтэлзтэл дүүргэсэн жижиг хундагатай сархад барин дохиход сэтгэл тавираад явчихаж билээ.
Амьдрал гэгч ирж буцахын зааг дээрх тунихрал мэт ажээ.
-Би Ринчен докторт хоёр удаа айхтар авахуулав аа. Нэг магтаж, нэг муушаасан. Сайлсан муулсан хоёр нь тэнцсэн хэрэг. Тийм том хүнээс идэр залуудаа үнэлэлт авна гэдэг амаргүй хэрэг. Чи залуу хүн, хожим хойно хэрэгтэй юм чинь юүхэн хээхэнд л хучаастай байдаг юм. Цаг хугацаа гэдэг ороо морь шиг, амьдрал гэдэг ус мөрөн шиг юм. Чи үүнийг сонс доо гэв.
Түүний ширээн дээр алгын чинээ жижигхэн хар дэвтэр, бас ноороглон зассан бололтой шүлэг байна. Шукарь маань мөнөөх хар дэвтрийн эхний хоёр хуудсыг нямбайлан эргүүлснээ,
“Амьдралын мөрөн чинийхээ
Урьхан намрыг үдэхдээ
Жаран намрын чинь хонгор салхинд гандаж
Жаран намрын чинь хунгийн цувааг үдэж
Жаран намрын чинь азарган бороонд дагжиж
Жаран намрын чинь анхны цасанд мөрлөж” гэх зэргээр нэгэн уртавтар шүлэг уншив. Дуу хоолой нь тос даагаад, намуухан атлаа сонсголонтой, зөөлхөн атлаа гуниглангуй сонсогдов. Тэр шүлгээ уншихдаа нэг л омог бардам, өөриймсөг агаад туулсан амьдралаа сэтгэлдээ дүрслэн харж байгаа юм шиг санагдана. Уншиж дуусаад миний нүдийг эгцлэн харав. Тэгснээ мөнөөх цаасан дээрх зассан шүлгийнхээ ноорог руу дохиж,
-Одоо ийм болж. Хар даа гэв.
Өвгөний өөрийн нь бичсэн “Амьдрал мөрөн” шүлэг юм байна. Гүйлгэн үзвэл,
“Амьдрал мөрөн таны
Далан намрыг үдэхдээ
Далан намрын тань хунгийн цувааг үдэлцэж
Далан намрын тань ахрын эсгийг сунгалцаж
Далан намрын тань алтан тариаг шигшилцэж
Далан намрын тань хадуурын ишнээс барилцаж
Далан намрын тань анхны цаснаар мөрлөж” гэхчилэн зассан байх юм.
Жаран насны шүлэг нь далан насных болж өөрчлөгдөхдөө “чинийхээ” гэдэг нь “таны”, “чинь” гэдэг нь “тань” болсон нь он цагийг олж харсан түүний харц мэт санагдаж билээ. Учир нь жаран насны дөрөөн дээр “амьдрал мөрөн чинийхээ” гэж байсан бол далан насны даваан дээр “амьдрал мөрөн таны” болон нялхарч, “Жаран намрын чинь” гэж байсан сэтгэл “далан насны тань” болж дотогшилсон байна. Энэ хоёрын хооронд их ялгаа буй. Тэгээд ч сүүлийн засварт “азарган бороонд дагжиж” буй дүрслэлийг хасч “ахрын эсгий”, “алтан тариа”, “хадуурын иш” зэргийг нэмсэн нь насан бууралтах тусам нутаг, монгол ахуйд улам бүр ойртдогийг харуулах мэт бодогдов.
Надруу харсан жишүү харцын учрыг би сая ухаарав. Ринчен докторын тэнцүүгийн тэмдэг гэмээр тэнцэл, “Амьдрал мөрөн”-ий урсгал юүхэн хээхэн дотроо чухамдаа он цагийн ой дурталгалыг хадгалж тэр нь үе үеийнхний оюун цэц, оньч тайллыг хүлээж байдаг юм байна. Гагц түүнийг тайлах, унших, ухаарах гаргалгаа дутуу аваас жишүү харц мэт жиндүүхэн зүйл болоод л өнгөрчихнө шүү гэж сануулаад байх шиг. Урлаг гэгч үүгээрээ нуугдмал, сонирхолтой, задаргаа бүхийдээ мөнх орших амьтайг тэр ингэж жишүү харцаар жигтэй харж жинтэй зүйрлэн гэрээсэлсэн ч юм шиг.
Гурав. ЗАЙРАН ХАРЦ
Намайг гэрт нь очиход тэрбээр орон дээрээ өндөр дэр дэрлэн нааш харан ядруухан хэвтэж байв. Хөөрхий минь, угийн туранхай хүн бүр шуугдаж, гагц мөнөөх ухаалаг, урсгал дөлгөөн харц нь хэвээрээ үлджээ.
-За хэзээ явах гэж байна.
-Маргааш
Бид хоёр хэн хэн нь таг дуугүй болов. Хоолой зангираад, юм хэлбэл сааралтаж мэдэгдчих гээд болдоггүй.
1988 онд гадаадад, тэр тусмаа анх удаа явна гэдэг том үйл явдал болдог байлаа. Би Унгар улсад Олон улсын сэтгүүлчийн дээд сургуулийн дээд курсэд хэдэн сараар суралцахаар явах гэж байсан юм. Шукарь маань эмнэлгээс эмчилгээгүй гээд гарчихсан, энхжингийн орны хаалга нээгдчихсэн байсан үе. Тэрбээр эр зоригтойдоо, эрмэг хангал явсандаа “нэг сарын настай” гээд гаргасан эмнэлгийн “дүгнэлт”-ийг хэдэн сараар хойшлуулж чадсан авч амьсгал бурханы үнэ цэнэ хором хормоор хэмжигдэж байсан тэр эгшин юмсан.
Цагаар сарыг нааш нь татаж тэмдэглэсэн билүү, золголт хийсэн юм даг. Тэгэхэд Чимэд-Осор ах маань тэрлэгээ тэгш сайхан өмсч эв эрүүл хүн шиг босон сууж бүгдтэй нь золгож сайн сайхан ерөөлийн үг хэлж билээ. Ингээд эв эрүүл болчих нь энэ үү гэх бодол зурсхийвч үнэнд гүйцэтгэхэд дотор урагдаж, сэтгэл эмтэрч байсан минь бодогдоно. Одоо бүр хүндэрчээ.
-Намайг гэсэн бүгд л ирлээ. Гомбосүрэнгээс бусад нь. Уг нь миний шавь, хамгийн түрүүнд ирэх учиртай хүн байгаа юм гэж амьсгаадан хэлснээ дуугүй болов. Тэгснээ,
-Би орж ирж байгаа хүмүүсийн харцыг нь харах юм. Зарим нь өрөвдөж байна, зарим нь өмөлзөж байна. Зарим нь үхээгүй байгаа юм уу гэж байх шиг. Зарим нь өө хөөрхийдөө, өнөө маргаашгүй болчихож гэж байх юм гэж хүнд амьсгаадах атлаа ёжтой нь аргагүй мушийж байна. Бие зарсхийгэд явчихав. “Миний харц ямар харагдаа бол” гэхээс гол руу нэг юм хатгах шиг болов. Би ярианы сэдвийг өөрчлөх гэж,
-Гар тань дулаахан сайхан байна шүү гэж баруун гарыг нь хоёр алгаараа атгасан чигээрээ хэлэв. Тэр илт сэргэж байна. Битүү, бүгшин ханиахад охин нь орж ирэв.
-Энэ хэд маань асрахаараа нэг болж, эмч нар хөөрхийс чаддаг бүхнээ хийж байна. Яасан сайхан хүмүүстэй алтан тайзнаа амьдарч явсан юм, ямар сайхан хүмүүстэй нөхөрлөж явсан юм, ямар сайхан хань, үр хүүхэд заяасан юм гэж бодоход одоо хоргодох юм алга гэж байна. Тэр хэсэг чимээгүй байснаа,
-Бичиж үлдээх юм их үлдлээ. Уг нь дурсамжаа эртхэн бичдэг байж л гэж бодох юм. Гэхдээ амьдрал мөрөн авч үлдэх юмаа аваад л үлдэнэ дээ. Та нар байгаа юм чинь мартагдахгүй ээ гэж хэлээд мөнөөх жоготой сонин, гэрэл цацарсан харцаар намайг нэвт шувт ширтэв.
Би дэргэд нь сууж байхдаа аль болох бага яриулах гэсэн боловч Шукарь маань аль болох ихийг ярихыг эрмэлзэж байх шиг байв. Тэр жаахан яриад зогсос хийнэ, тэгснээ ярина. Ухаан санаа нь эв эрүүл, бас тоглоом хийхээ мартсангүй, бид хоёрын хооронд болсон элдэв учрал, яриа хөөрөөг сөхөж ч байх шиг. Сүүлд толгойг нь түших хувь тохиосон Ардын жүжигчин Г. Гомбосүрэн гуайд тухайн үед гоморхсоноос эргэн ирж буй хүмүүсийн харцны тухай тэгж айхтар хэлсэн болохоос үнэндээ Гомбосүрэн гуайг ч бусад жүжигчдээ хайрлаж байна гэж жигтэйхэн. Тэр чухамдаа гэрийнхээ орон дээр бус тайзнаа ийм нэгэн эмгэнэлт дүрд тоглохоор сургуулилт, дүр бүтээх судалгаа хийж байгаа юм шиг сэргэлэн сайхан байлаа. “Сэхэвч үхэвч сэргэлэн болжмор шиг жиргэнэ, би” гэсэн Оводын үгийн үнэ цэнийг тэр үед би гүн ухаарах шиг болж билээ.
Бид хоёр энэ орчлонд дахин уулзахгүй гэдгээ мэдэж байсан. Гэвч тэр тухай хөндөхийг ер төвдсөнгүй. Маргааш дахиад л уулзах юм шиг уран бүтээл ярьж, хаа байсан гуч, дөчөөд оны тухай хүүрнэж, алтан үеийн жүжигчдийн алдар сууг шагшиж байв. Үхэл амьдрал үүдэн хоймрын зайтай болчихсон тэр үедээ надад амьдралын гэрэл гэгээг үлдээх гэж, миний аяны замд ерөөл өргөх гэж энэ хүн хичнээн хүчилж байгааг би мах цусаараа мэдэрч байлаа. Үхлийн ингэж баатарлагаар сөрж, сөргөж, бас алга тосон амгалан тайван угтана гэдэг ер бусын хүний ер бусын араншин байв.
Унгарт очсон анхны өдрөөсөө Д. Чимэд-Осор жүжигчний тухай мэддэг бүхнээ бичиж эхлэв. Өдөр бүр бичнэ. Юу ч харахгүй, зөвхөн оюун санаанд үлдсэн тэр ариун дурсамжийг тэмдэглэж байв. Элчин дээр “Үнэн” сонин хоёр хоногийн дараа л ирдэг гэнэ. Гэвч түүнийг үзэхээс халширна. Эхнэрээс минь хэд хоноод л захидал ирнэ. Би түүнд өвгөнийг эргэж байгаарай, иймээ тиймээ юм болвол хурдан мэдэгдээрэй гэсэн юм. Нэг өдрийн захиа тийм эмгэнэлт мэдээг тээж очсон юм. Би тэр захиаг нэг өрөөнд амьдарч байсан зохиолч, сэтгүүлч Д. Төрбатад уншуулж, Ч. Галсан тэргүүтэй сэтгүүлч нөхөддөө мэдээлсэн билээ. Унгарын Будапешт хотын манант саарал тэнгэр дор Буда уулнаа бидний сэтгүүлчид өвгөн Шукарийн дурсгалыг хүндэтгэж, дурсан ярьж, гашуудлаа тайлсан юм.
Ардын жүжигчин Д. Чимэд-Осорын “Өглөө” киноны Дуйнхар зайрангийн онгод бадарсан гэрэл зураг миний орны толгойн дэргэд байсан бөгөөд монголоос авчирсан хүжээ түүний өмнө уугиулав. Зайрангийн харцанд Шукарийн амьдрал, уран бүтээл төдийгүй гурван цагийн хүсэл нь шингэсэн мэт үзэгдэхэд нулимст нүдээ арчин, дальдчин байж чин сэтгэлээсээ залбирч билээ.
ТӨГСГӨЛ
Нүдний өмнө нэгэн жигтэй, жоготой харц үе үе жиргэх нь дөнгөж сая уулзсан юм шиг, дөрөлж даваад ирж буй юм шиг санагдахуйяа Ардын жүжигчин Д. Чимэд-Осорын бүлээн уруул, дулаан үг мэдрэгдэх шиг, мөнхийн шидэт дүрдээ шингэж үзэгч түмэнтэйгээ эдүгээ хамт амьдарч амьдаас амьд яваа юм шиг санагдана.
“Хаврын оюу өнгөт уулнаа
Дотны нөхөр ирвээс
Хасын шим мэт тунгалаг дарснаас
Гуравхан хуруувч тогтоомуй
Өглөө манагар юу болохыг бүү мэд
Өнөө миний сэтгэл бүрэн ханалаа”
Гучин гуравхан насандаа жаран гуравтай цэцэрлэгч өвгөний дүрийг “Цогт тайж” кинонд урлаж байсан тэрбээр зуун жилийн ойдоо цэл залуугийн дүрээр дахин амилах шиг бодогдоно.
Би нүдээ тас анив. Тусыг олов. Далд чанадын шидэт долгис орон зай цаг хугацааг үл ажран гагц хүмүүн заяаг хөлөглөн энэ орчлонг эрхшээн зуун жилийн хөшгийг өнөөдөр мэт нээх нь гайхамшиг. Ардын жүжигчин Дэндэвийн Чимэд-Осорын жигтэй, жоготой жинхэнэ харцыг “хаврын оюу өнгөт уулнаа” уншихад “хасын шим мэт тунгалаг дарснаас гурван хуруу тогтоох” шиг...
Сэтгэгдэл (31)