Нэгэн цаг үед Р.Чойномын нэрэмжит "Залуу нас" утга зохиолын дугуйлан "Монгол хүүхдийн номын ордон"-д хичээллэдэг байлаа. Тэндээ өөр өөр сургуулиас цугласан бүлэг залуус яруу найраг ярилцаж, "Таван хором"-д шүлэг бичин эд хавийг үзүүлдэг байв. Тэндээс шаггүй найрагчид мэндэлсэн гэж би хувьдаа боддог. Тэдний залгамж болж яваа залуусын шүлгийг цувралаар онцолж байна. Одоо тус дугуйлан Д.Нацагдоржийн нэрэмжит "Хотын төв номын сан"-д" хичээллэж буй.
Энэ удаад бид та бүхэнд тус дугуйлангийн гишүүн, СУИС-ийн Уран зургийн ангийн оюутан найзуудын шүлгээс хүргэж байна. Тэд хотын төвд байх даруухан урландаа "Еэвэн" гэх нэр өгсөн. Тэнд байгаа бүхнээ нэгэнтэйгээ хуваалцан аж төрдөг. Тэд "Тоторо" гэх нэг мууртай. Уг муурыг танил ах нь тэдэнд үрчлүүлээд, "эмээг нь "Тоторо" гэдэг байсан юм" гэж хэлсэн учир муураа эмээгийнх нь нэрээр нэрлэжээ.
Байгаадаа ханаж, бүхий л цаг хугацаанд бүтээх гэж мэрийж явдаг тэд мэт залуус олон байхыг хүснэм.
СУИС “Дүрслэх урлагийн академи”-ийн Уран зургийн ангийн гуравдугаар дамжааны оюутан, "Залуу нас" дугуйлангийн гишүүн О.Батмөнх
Хүмүүс түүнийг Батаа гэж дууддаг. Батаа нэг найзтай. Тэр нь Мөнхбаяр "Мөнхөө". Батааг анх харахад "даруухан хүү" байсан. Гэвч тэр "хаана, хэнтэй, юу" ярихаа мэддэг хүн байж таарсан. Сайн чаддаг зүйлээ "чадахгүй" гэж бусдад хэлдэг хүмүүс мэр сэр байдаг даа. Тэдний нэг нь Батаа. Шүлэг нь жир боловч жиргэж нисдэг шидтэй. Түүнийг инээмсэглэхэд хоёр соёо харагдана. Гэхдээ нэг нь хугарчихсан. Түүхийг нь энд бичээд дэмий гэж бодлоо.
***
Сая та ажив уу?
Хөгшин болжмор
Хуучин байшингийн дээвэр дээр суухдаа
Өвдөгнийнх нь нүхээр хатгуулдаг
Өвөөтэй минь цуг ирчхээд
Намрыг навчтай хамт аваад явсныг,
Байшин тэр гурав эртний андууд байсныг,
Хуучин байшинд бид хэдийг, бас
Аавын бууралтах үс шиг
Аажмаар ирэх өвлийг,
Цасанд хучигдсан хашааны тас хар замыг
Тэр замаар яаж нүүхийг,
Ээжийн халаадан дээр ургасан цэцгийг хитрээчихвий гэж ичсэндээ
Нүүрсний бээлий нь хүртэл болгоомжлохыг,
Сарыг, цасыг, нарыг, надыг.
Бүгдийг нь аавын дээд зовхины нэг үрчлээс болгон унжуулж
Хуучин байшинд даатгаад
Хөгшин болжмор нисээд явсныг
Сая та ажив уу?
Сая та ажив уу?
Аавын захаас авчирсан гацуур модны өнгийн гэрэл
Зун эмээгийн гадаа хонохдоо анзаарсан
Та бид хоёрын харсан одод шиг байгааг...
Аав та бид хоёрт
Одтой тэнгэр авчирсныг
Сая та ажив уу?
Сая од харвах шиг болохыг анзаарав уу?
Хоёулаа хүслээ шивнэе!
“Хуучин байшин аавыг минь, битгий хараагүй болгоосой”
Гацуур мод минь, гацуур мод минь…
***
Зүүний үзүүрэнд чи минь ойрхон байдаг
Хуруугаа битгий эсгээсэй.
Хайч барьсаар бодлыг минь эсгэж суугаа…
Түүгээрээ даашинз хийж өмсөөд
Хаа нэгтээ газар намайг хүлээж суугаа.
Залуу насаа сагсанд түүсээр
Цэцгийн баглаа болгож чам дээрээ очно
Тэр үед чи минь гунигтай нүдээрээ над руу инээмсэглэж
Эсгэсэн даашинзаа гайхуулна
Харин би эсгэсэн хуруунд чинь л сэтгэл зовно.
Мойног хуруудаараа гараас чинь атгаад
“Дахиж гараас чинь тавихгүй” гэж амлъя.
***
Миний суусан автобусанд
Хөгшин, балчир хоёр хоорондоо маргалдана
Нэг нь төрсөндөө, нөгөө нь өтөлсөндөө харамсана.
Миний суусан автобусанд
Нохой, муур хоёр хоорондоо муудалцана
Нэг нь хазсандаа
Нөгөө нь маажсандаа харамсана
Нохой хоолоо харамлаж, муур хумсаа нуудаг
Нууц боловч бүгд мэддэг
Хөгшний нуусан нулимсийг харин мэддэггүй.
Миний суусан автобусанд үе үе
Явуулын эгч үлгэрийн ном,нойтон сальфитека зарахаар орж ирдэг.
Цааш явна, бүгд мартана.
Зураач, зохиолч хоёр хоорондоо маргалдана
Нэг нь зурсандаа, нөгөө нь бичсэндээ харамсана.
Цагийн зүү шиг эргэлдэх автобусны дөрвөн дугуй хоорондоо маргалдана.
Нэг нь цаг хороосондоо, нөгөө нь зам хороосондоо харамсана.
Балчирын туулсан зам өнгөрөөсөн цагийг
Үнэн мэддэг нь тэд.
Худал мэддэг нь хөгшид.
Тэр балчир зурсан бас бичсэнийг нь ойлгодоггүй хөгшинд дургүй.
Миний суусан автобусанд
Зун, өвөл хоёр хоорондоо маргалддаг
Нэг нь гунигаар дүүрэн
Нөгөө нь наадмаар дүүрэндээ харамсана
Өвөл санаа алдана
Тэгэх болгонд суусан автобус минь жавраар дүүрчихдэг
Тэгэх болгонд нь зун асгартал уйлчихдаг
Өвөл тэрэнд нь дургүй
Тийм болохоор цас болгочихдог.
Миний суусан автобусанд
Хайр, хагацал хоёр хоорондоо маргалдана
Нэг нь хайрласандаа, нөгөө нь хагацсандаа харамсана
Тэгэх болгондоо автобусны нэг цонхийг нь хагалчихдаг.
Би даараад л байдаг
Миний суусан автобусанд…
СУИС “Дүрслэх урлагийн академи”-ийн Уран зургийн ангийн хоёрдугаар дамжааны оюутан, "Залуу нас" дугуйлангийн гишүүн Г. Мөнхбаяр
Тэр гитарандаа хачин их хайртай. Үсээ элдэв өнгөөр будаж, үе үе эмээгийнхээ юбкаар гангарах дуртай. Учир нь юмба өмсөх түүнд эвтэйхэн байдаг. Нүдээ аниад л гитараа балбан дуулахад нь найзууд нь дуртай. 20 ч хүрээгүй насандаа элдэв бодол үүрч, тэрэндээ тээгэлдсэн ч уначихалгүй яваа хүү дээ. Ирээдүйд тэр мундаг хөгжмийн зохиолч, зураач, эсвэл аятайхан биччихдэг найрагч болох байх. Тэр зүгт нь ерөөл хэлье.
***
Одоо чи миний хайр биш, үзэг болсон
Хажууд байгаа хэрнэ ээ
Хүрч болохгүй цаас болсон
Сэтгэлээ гээчхээд ирэхэд чинь би таниагүй
Таниагүйд минь чи гайхаагүй
Манайх арай дээрсэн бол
Би хэдийн үсэрчихсэн.
Ниснэ гэдэг нисэх биш
Ниснэ гэдэг хөлөө мартах
Мартаад тайрах
Буух цаг болоход
Тайрсан хөлөө хайх
Хайр бол хайрлах биш
Хайр бол ганцаардлаа мартах
Мартаад нисэх
Буух цаг болоход
Мартсан ганцаардлаасаа
Хөлгүйгээр зугтах.
Одоо чи миний хайр биш, үзэг болсон
Хажууд байгаа хэрнэ ээ
Хүрч болохгүй цаас болсон...
***
Бид хөрш байсан
Тэдний аав манай аавд дургүй
Тэгсэн ч би дандаа
Тэднийх рүү шагайдаг байсан.
Биднийг заагладаг хашаа ганцхан завсартай
Тэр завсарт л бид
Тэнэж яваад танилцсан.
Шатрын хөлөг дээр
Нүүрэлдэн үлдсэн
Хоёрхон хүү шиг хөвгүүд байсан
Тэдний аав манай аавд дургүй
Тэр намайг алгадаж
Би түүнийг тэвэрч болохгүй ч
Биднийг шатрын хөлөгт орхиод явсан бидний эцгүүд
Хашаагаа барихдаа завсар үлдээсэн...
***
Үрлийн модны эхний цэцэг дэлгэрсэн өглөө
Ганц модны тэр олон мөчирс уралдан найгана
Эцэстээ цагаангүй мөчир үгүйрч
Цаг нь болохоор бүгд ойчно.
Хамгийн анхны навч шарлана
Дараа нь бүгд улайрч, улаарч
Сүүлчийн навч газарт хөглөрнө.
Над шиг энгийн хүн, энгийн навчис
Гудамжинд үгүй болоход
Үр барьсан хэдэн хүмүүс
Эрүүл гэх өвчин тусна...
Л.Баяр