Хүмүүсийн дийлэнх нь шүршүүрт орж байхдаа шээдэг гэж судлаачид үзжээ. Тэгвэл шүршүүрт шээх тухайд судлаачид олон талын байр суурьтай байна.
Хүмүүс ихэнхдээ шээс шүршүүрийн устай цуг нэг хоолойгоор орчих учир зүгээр гэж боддог. Гэхдээ яагаад заавал шүршүүрт орж байхад шээс хүрдэг тухайд эрдэмтдийн хийсэн судалгаа байдаг гэнэ. Тодруулбал, асгарч буй усны чимээ тархинд мэдээлэл өгч улмаар давсаг сулран шээх хүсэл автоматаар төрдөг ажээ.
Лос Анжелес дахь урологийн профессор, доктор Карин Эйлбер "Шүршүүрт шээхийн сул тал гэж байхгүй. Харин ч шээсний дараа тухтайгаар усанд мэдрэмж төрнө" гэжээ.
Шүршүүрт орохдоо шээх нь эрүүл мэндэд ямар нэгэн хүндрэл учруулахгүй. Тэр ч бүү хэл ус зайлуулах хоолой бөглөрөхөд муу нөлөөгүй. Гэсэн хэдий ч шүршүүрийг бие засах газар болгон ашиглах нь тийм ч сайхан санаа биш юм.
Өөр нэг маргаан бол эмэгтэйчүүд шүршүүрт босоогоороо шээх тухай юм. Хэрэв эмэгтэйчүүд босоогоороо шээвэл давсганд ачаалал өгч, аарцагны булчин сулрах эрсдэлтэй гэлцдэг. Гэхдээ энэ мэдээлэл худлаа болохыг урологич, доктор Дэвид Шустерман баталжээ. Давсагнаас шээсний урсгалыг хянадаг хоёр булчин бий. Нэг нь давсагны ёроолд, нөгөө нь аарцаганд байрладаг. Гэвч босоогоороо шээх нь уг булчингуудад чөлөөтэй ажиллах боломжийг олгодог ажээ. Түүнчлэн бүлээн шүршүүрт шээх нь булчинг сулруулж, шээсээ гаргахад ачаалал үүсэхгүй гэж үзсэн байна.
Гэхдээ аливаа зүйлд үргэлж эрсдэл бий. Нэгт та ваннаа усаар дүүргээд дотор нь хэвтэж байгаа үедээ шээж болохгүй. Нөгөөтэйгөөр шээсний замын халдвартай бол шүршүүрт орж байхдаа шээх нь ч тийм сайхан санаа биш юм. Учир нь шээсний замын халдвартай үед шээсэн дэх нянгийн бохирдол ихэсдэг. Улмаар арьсанд нэвчиж олон эрсдэлд хүргэнэ. Хэрэв таны гуя, хөл зэрэгт ямар нэгэн шарх байгаа бол шээхгүй байсан нь дээр гэж эмч нар зөвлөж байна. Учир нь шээс шархан дээр бууж, бактерийн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Хэрэв та хөдөө өссөн бол адуунууд нэгнээ шээх үед дуурайж байгаа юм шиг шээж байдгийг мэдэх байх. Яг үүнтэй адил байгалиас заяасан хариу үйлдэл нь биднийг шүршүүрт шээх хүслийн гол шалтгаан болдог ажээ.
Л.Баяр