Прокурорын байгууллага 2024 оны долдугаар сарын 16-наас 19-ний өдрийг хүртэл 170 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн талаараа мэдээлэв.
Тодруулбал
- Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 65,
- Өмчлөх эрхийн эсрэг 53, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 34,
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг долоо,
- Хүний амьд явах эрхийн эсрэг зургаа,
- Хүрээлэн байгаа орчны эсрэг гурав,
- Авлига, албан тушаалын болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр хоёр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Нийслэлийн прокурорын газраас хүдэр баяжуулах үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК нь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн бодисыг худалдан авч, хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1, 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Иргэн Г.Н нь иргэн Б.Б-г тодорхой үйлдэл хийхийг шаардаж, түүнийг болон ойр дотны хүнд нь хүч хэрэглэхээр заналхийлж, айлган сүрдүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 /Заналхийлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Баян-Өлгий аймгийн прокурорын газраас сумын засаг дарга Д.Е, орлогч Х.Н, мэргэжилтэн Ж.М нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий иргэдэд тамхи худалдах тусгай зөвшөөрөл хууль бусаар олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.