Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойшхи 30 жилийн хугацаанд Монгол Улсын иргэд 8 удаа сонгууль өгч, ардчиллаа баталгаажуулж иржээ. Тэгвэл өнөөдөр УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулиа өгөх өдөр. Гэхдээ энэ хүртэл УИХ-ын сонгуулийн тухай хуулиа таван удаа өөрчилж, гурван удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, дөрвөн өөр сонгуулийн тогтолцоог ашиглажээ. Харин одоо холимог тогтолцоогоор 126 гишүүнийг парламентад сонгоно.
Энэ хүртэлх хугацаанд зохион байгуулагдсан сонгуулийн ирц болон сонгогчдын тоон мэдээлэл
Гурван төрлийн сонгууль дотроос хамгийн эхэнд зохион байгуулагддаг УИХ-ын сонгууль нь хамгийн өндөр ирцтэй байдаг ба дараа нь зохион байгуулагддаг Орон нутгийн сонгууль нь иргэдийн хамгийн идэвх муутай оролцдог сонгууль бөгөөд ирц нь УИХ-ын сонгуулийнхаас 10-15 хувиар, Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц УИХ-ын сонгуулийнхаас 4-5 хувиар бага байдаг тухай Азийн сангийн судалгаанд дурдсан байна.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд гэхэд л 2 сая 3969 иргэний нэрсийн жагсаалт бүртгэгдсэнээс 1 сая 475 мянга 675 буюу 73.64 хувийн ирцтэй оролцсон талаар УБЕГ-аас мэдээлж байв.
Дээрх мэдээллээс харвал сонгуулийн ирц 2012 онд хамгийн бага буюу 67.28 хувьтай байжээ.
Сонгуулийн зардлыг бууруулна гэдэг ч сонгуулийн зардал түүхэндээ хэзээ ч буурч байсангүй. Улам өссөөр 2020 онд гэхэд л хамгийн өндөр байгааг судалгаанд дурдсан байна. Түүнчлэн сонгуульд зарцуулсан мөнгө нь сонгуулийн дүнд нөлөөлж буйг ажиглаж болох ба 2020 оны сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигч бусад нэр дэвшигчээс дунджаар 3.6 дахин их мөнгө зарцуулсан тухай ч бичжээ.
М.Жаргал