Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийж байна. Өнөөдөр буюу зургаадугаар сарын 25-ны өдөр Хорезм мужийн Хива хотод зочлов. Энэ үеэр "Чингис хаан" үндэсний музейн захирал С.Чулуунтай цөөн хором ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр салбар салбарын санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагааны үүдийг нээлээ. Та түүхчийн хувиар айлчлалын ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?
-1990 онд Монгол, Узбекистан хоёр улс нэг системээс нөгөөд шилжиж, адил гараанаас гарсан. Түүхэн талаасаа бол Төв Азийн улс орнууд дотроос Узбекистан буюу энэ бүс нутаг Монголтой хамгийн ойр. Монголын их эзэнт гүрний аян дайн энд өрнөсөн. Дараа нь Алтан ордоны улс буюу Зүчийн угсааны төрт улс энд байрлаж байсан. Урд талд нь Ил хаант улс байсан. Тэгэхээр түүх соёлынхоо хувьд зайлашгүй уялдаа холбоотой. Доголон Төмөр хаан ч гэсэн эх талаасаа бол Монголын Барлас овгийн хүн. Төмөр хааны тухайд монголын их хаадыг дэргэдээ хамгаалж, хүмүүжүүлж байсан түүхэн цаг үе байгаа.
Монголчуудын түүхтэй холбоотой чухал дурсгалууд, гар бичмэлүүд энд хадгалагдаж байна. Жишээлбэл, Судрын чуулган гэх зохиол байна. "Судрын чуулган"-ы дэлхийд байгаа хамгийн сайн эх Узбекистаны ШУА-ийн Дорно дахины сан хөмрөгт хадгалагдаж байгаа.
Узбекистаны хэл Цагадайн хэлнээс үүсэлтэй. Цагадай хэлэн дээрх олон сурвалжууд ч хадгалагдаж байна. Хүннү, Хүннүгийн дараах цаг үед бурхны шашин Төвөд бус Энэтхэгээс төв Азиар дамжин Монголд дэлгэрсэн. Тэр бүү хэл, Төмөр хааныг чинь курган гэж нэрлэж байгаа юм. Тэр түүхэн холбоог дахин сэргээж, эдийн засгийн хувьд хурдацтай хөгжиж буй, байгалийн баялаг арвинтай, газар тариалангийн уламжлалтай оронд Монгол Улсын Ерөнхийлөгч айлчилж, бүх талын хамтын ажиллагааны үүдийг нээж байгаа нь дахин нэгэн түүхийн шинэ үеийг эхлүүлж байгаа тухай ойлголт байх.
Түүхэн уламжлал байна. Түүхэн шинэ цаг үеийн аль аль талынх нь сонирхол байна. Мөн салбар бүрд хамтран ажиллах боломж байна. Үүнийг хөдөлгөж өгч байгаагаараа онцлог.
-Түүхэн талаасаа Узбекистаны хамгийн их сонирхол татахуйц хотуудын тухайд та юу хэлэх вэ?
-Ер нь Узбекистаны бараг л бүх хот Монголын түүхтэй холбоотой. Үүн дотроос хамгийн ойр нь Самарканд. Самаркандыг тухайн үед Дорнын Ром гэж нэрлэдэг байсан. Ром хот бол дэлхийн хөгжлийн төв шүү дээ. Самарканд тийм л өндөр хөгжилтэй. Дээрээс нь худалдааны боомт. Монголчуудын цэрэг, дайны урлагийнхаа гайхамшгийг үзсэн газар бол Ургенч, Самарканд хот. Түүхийн хувьд Монголчуудтай маш ойр, маш сонирхолтой улс бол яах аргагүй энэ улс мөн.
-Айлчлалын үеэр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Цаашид судалгааны хувьд ч түүхийн сангийн үүд хаалга нээгдэж байна гэж харж буй. Үүнээс өмнө сурвалж бичиг, судалгаа гэх зэрэг зүйлс хаалттай байсан зүйл бий юу?
-Бий. Монголчууд энд ирж архивт сууж үзээгүй. Номын санд нь ажиллах боломж байгаагүй. Археологийн дурсгал гэхэд л хаана нь юу хадгалж байгааг мэдэхгүй байсан. Сүүлийн жилүүдэд бага сага үзэж байгаа боловчиг одоо л түүхийн үүд бүрэн нээгдэж байна. Бидний түүхтэй холбоотой өөр олон юу ч байхыг бүү мэд. Бас Монголд байна. Тухайлбал, Хархоринд перс хэлээр бичсэн том сүмийн хөшөө байгаа. Түүнийг ч судалж болно. Монгол нутгаас олдсон археологийн дурсгалууд дотор Төв Азийн дурсгалууд байна. Түрэгийн хаант улсын үед хамаарах дурсгал байна. Төв Азиар дамжиж, өрнө дахины соёл Монгол Улсад дэлгэрсэн. Монгол нутагт байгаа хамгийн эртний монгол хэлний дурсгал Хүйс толгойн бичгийн брахмай үсэг бас л Энэтхэгээс үүгээр дамжин орж ирсэн. Тэгэхээр Узбекистан бол Монголтой харилцах өрнө дорнын хоолой дээрх улс.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (4)