УИХ-ын нэгдсэн чуулганы хаалтын өдөр нэгэн чухал хууль баталсан нь Малчны тухай хууль. Өнөөдөр тус хууль legalinfo.mn орсноор хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Үндэсний өв соёл, нүүдэлчдийн ахуй амьдрал малчдын нуруун дээр байгааг бүгд мэддэг хэр нь оновчтой бодлого, гарц шийдлийг эрэлхийлэлгүй он удаан жилийн нүүрийг үзсэн билээ. Монголын эдийн засгийн голлох салбарын нэг бол мал аж ахуй. Атал малчид улирлын чанартай орлогын тойрогт гацаж, эрсдэл даах чадваргүй эмзэг давхаргад түгжигдээд буй.
Байгаль дэлхийн хэлгүй, дүлий үзэгдлийн өмнө хүн төрөлхтөн хүч мөхөс шиг хатуу ширүүнийг бор зүрхээрээ туулсаар өдгөөг хүрсэн тэд "хууль"-тай болсон нь УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар нарын 17 гишүүний хийсэн зоримог, цаг үеэ мэдэрсэн хүнлэг шийдэл болов.
300 мянга гаруй малчны эрх ашгийг хамгаалсан, малчдын нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлж, боловсрол мэдлэгтэй, "үйлдвэрлэгч малчин" болж, шат ахих боломжийг хуулийн хүрээнд бий болгож буй нь ирээдүйд нүүдэлчдийн амьдралын хэв маяг хурдацтай хөгжлийн эргүүлэгт хөл тавих ахиц болох юм.
Салхийг сөрж гэмээн амьдардаг малчны хотонд төрийн нүд чих, гар хөл хүрсний тод илрэл хууль хэрэгжих мөчөөс амилах нь. Эдийн засгийн тулгуур гэгддэг ч царцанги байгаа МАА-н салбар бэлчээрийг талхаддаг бус байгальд ээлтэй, бүтээмжтэй, эрсдэлгүй байх шинэ замын эхлэлд ирж байна.
Малаа нядлах, ямаагаа самнах, сүү цагаан идээгээ бэлтгэхээс өөрөөр орлогын эх үүсвэрээ тэлэх боломж нээгдэж, ченжийн амыг дагуулан малын түүхий эд хүртэл үнэгүйддэг цаг ард хоцрох юм.
Учир нь хуулиар түүхий эдийн нэр төрөл, чанарын үнэлэмжээс хамаарсан урамшуулал болон үнийн үнэлгээг тогтоож өгнө. Мөн Малчдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах үүднээс ипотекийн хөтөлбөр, зээлийн хөнгөлөлтөд хамруулах, хариуцлагатай малчны зохистой дадлыг нэвтрүүлэх, Мал аж ахуйн хөгжлийн зээлийг малчны хөгжлийн сангаар олгох зэрэг эдийн засгийн баталгааг бий болгож буй. Дагаад малчдын амьдралын чанар дээшилж, мал аж ахуйн салбарт хөгжих "гарц" нээгдэх юм. Тухайлбал, малчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах аж.
Мэдлэг боловсролтой малчныг хөгжүүлэх, боловсон хүчнийг бэлтгэхэд төрийн оролцоог хуулиар ийнхүү хангаж өгч байна.
Энэ тухай Малчин өрхийн нэг хүүхдийг мал аж ахуй мэргэжлээр үнэ төлбөргүй суралцуулах, Залуу малчдад мэдлэг олгох, чадавхижуулах, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, малчдын залгамж халааг бэлтгэх зэрэг боломжууд бий болж байна. Үүнээс гадна Малчны хөгжлийг дэмжих сургалт, мэдээллийн төв сум бүрт бий болгох боломж ч бүрдсэн юм.
Мөн малчид зудад малаа алдах, байгалийн гамшигт үзэгдлийн өмнө өөрийн амь насаа алдах эрсдэл ч байсаар ирсэн. Энэ тухай заалт ч Малчны тухай хуульд тусгагдсан юм. Тухайлбал, Малжуулах хөтөлбөрөөр мал сүрэг нь гамшигт өртсөн малчин өрх эсхүл, залуу малчид хамрагдах, Ажил үүргээ гүйцэтгэж яваад эрсэдсэн тохиолдолд 48 сарын хөдөлмөр хөлстэй тэнцэн 1 удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгох, өвөлжөө, хаваржааны доорхи газрыг малчдад баталгаажуулж, төрөөс уул уурхай зэрэг өөр чиглэлээр давхцуулан тусгай зөвшөөрөл олгохыг хориглох, бэлчээрийг хашихыг хориглох зэрэг олон шинэлэг зохицуулалтуудаар малчдын эрхийг хамгаалжээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (3)