Бид улам хөшөө шиг болж байна. Хүний үхлээр зогсоо зайгүй улс төрийн тоглолтдоо оноо цуглуулах гэсэн улайрлаар шөнөжин нүдүүллээ. Тойрч зогсож байгаад эмгэнэхдээ хүртэл, намын даргын өрөө хэсэж эмгэнэхдээ хүртэл "хүн" байсангүй. Энэ үйл явдлын ард хагацал, өнчрөл, харуусалд нэг гэр бүлийн нэжгээд хүмүүс элгээ сэгсрүүлчихээд байхад увайгүй үйлдэл гаргахдаа хэн нь ч эмзэглэсэнгүй...
Тэр АН-ын гишүүн төдий юм биш. Тэр хүний хань, хүүхдүүдийн эцэг, ард түмний нэг байсан. Улаан цагаандаа гарч МАН, АН хоёр нэгэн рүүгээ ноцох хэрэггүй асуудал. Мөрдөн байцаагчийн өмнөөс мөрдөн байцаагч, хуулийн өмнөөс хууль шиг байх хэрэггүй.
Гашуудахдаа хүртэл амьд байгаа өөрсдөдөө гашууддаг ямар гээч цаг үе вэ? Тэд сонгуулийн сургаар л "түүхэн сонгууль" гэлцэцгээж байв. Ингэж түүх бүтээх байж. Нөгөө нь дайн байлдаан ярьж, иргэдийн цөсөн дээр тоглож явсан, өнөөдөр гурван саяулахнаа хоорондоо дайтаж байна. Аливаа улс төрийн намын засгийн эрхийг барих гэсэн түрэмгий, бадрангуй байдал эцсийн бүлэгтээ иргэдийг ч хувааж байна. Цугаар бодох цаг... Бид уйлж, гуниглаж, харуусаж чадахаа больсон гэдэгтэй эвлэрэх цаг. Сэхээрэх ёстой зүйлсийн өмнө ч нам, нам гэцгээж намаг балчигтаа улам гүн, улам хайртайгаар шигдсээр байна. Энэ бол эмгэнэл. Монгол Улсын эмгэнэл.
Намын тугийг Төрийн далбаанаасаа өндөрт өргөж явдаг, магнайдаа хүргэж адис авдаг ухаан жолоогүй үйлдлээ зогсоох хэрэгтэй. Монголд нам яг л шашны гаж урсгал шиг эрүүл бусаар хөгжиж байгаа. Үүний золиос нь дөрвөн жил улиран солигдоход бахь байрандаа байж л байгаа хүмүүс. Үнэн нь ердөө, үзэгдэж байгаа нь ч ердөө... Ардчилсан нам, Монгол ардын нам хоёр бол ердөө л жишээ нь.
Тойрогтоо очиход нь тосож аваад үнсдэг, өргөж гүйх нь холгүй байгаа дүр зураглал бүр гаарч. Эцэстээ эрдэнэт хүний амь нас сурталчилгааны минутад багтлаа. Халаглам.
М.Жаргал
Сэтгэгдэл (4)