Зун болов. Өнөөх л ус. Ганц шөнийн борооны усыг дийлэхгүй живэх гэж байна. Байгалийн гамшиг болсны дараа жил дахин гамшиг болох эрсдэл өндөр хэмээн мэргэжлийн хүн хэлж байв. Үнэндээ хэнд ч найдалтгүй, иргэдэд завь, аврах хантааз, усны гутал хэрэг болох нь. Гарцаар гарах гэж далай гатлах шахдаг, ус тойрч алхсаар төөрдөг байшинд буй мэт эргэж гүйцнэ. Үсэрч харайж, шалбаагт шумбаж явахаар шавь хөлөглөөд урсчихсан нь хамаагүй дээр болоод байна.
Өнгөрөгч оны үер "далан" байтугай бусдын төрхийг ч хуу татсан билээ. Хүнээр үүрүүлж, шалбаагны цаана гарахдаа тулж байлаа шүү дээ. Байгалийн гамшигт хэзээ ч бэлэн байгаагүй бүхэл бүтэн "улс орон", "хүн зон" юмсан. Үүнийг наад зах нь бохир усны үер дунд хамгаалалтын бээлий, амны хаалт ч үгүй ажилласан албан хаагчдын байр байдал бидэнд харуулж байлаа.
Заавал хэлүүлж, чичлүүлж, ад үзэгдэж байж "ямар нэгэн зүйл, бүр заримдаа юу ч хамаагүй хийж харагдах эрх мэдэлтнүүд". Хөгжил гэдэг энд тэндгүй барьсан олон давхар барилга биш гэдгийг бороо хүртэл мэдрүүлэх юм.
Нийгэмд олон зүйл өөрчлөгдөж, байгаль ч өөрийн жам ёсоор хувирч хэлбэр хэмжээгээ өөрчилж байхад Улаанбаатарын ус зайлуулах хоолой л өөрчлөгдсөнгүй.
М.Жаргал