ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбар өгөв.
Тэрбээр "Хөдөө явж үзээгүй, хөдөөний амьдрал мэддэггүй хэдэн нөхөд л хэвлэлийн хурал хийж харагдсан. Үндсэндээ малчдын нөхцөл байдал ямар байгааг улс төржихөөсөө өмнө очиж харах хэрэгтэй. Энэ оны зуд улс орны хэмжээнд ихээхэн хүндрэл дагуулсан. Олон улс болон ОБЕГ-аас 20 орчим сая толгой мал хорогдоно гэсэн урьдчилсан дүгнэлт гарчихаад байлаа шүү дээ. 2010 оны зудтай харьцуулсан судалгаа. Ингээд Засгийн газрын зүгээс малчдыг малаа эргэлтэд оруулахыг уриалж, ихээхэн хэмжээний мах бэлтгэлийн ажлыг өнгөрөгч оны арванхоёрдугаар сараас эхлүүлсэн. Үүний үр дүн ч гарлаа.
Зудын нөхцөл байдал 10 жилээр яригддаг байсан бол одоо жил болгон яригддаг болчихлоо. Жилд хорогдож байгаа малын тоо сая саяар нэмэгдэж байгаа нь хэмжээлшгүй үнэ цэнэ алдагдаж буй дүр зураг.
Мал аж ахуйн салбарын хөгжлийг бодитой болгохгүй бол нийтээрээ амьдралын түвшин сайжрах, дээшлэх гэсэн ойлголт байх боломжгүй. Мал аж ахуйн салбарын хөгжлийг тогтвортой болгосноор үнийн хөөрөгдлийн суурь шалтгаан арилна гэж үзсэн. Малчид дараагийн шатанд хөгжих ёстой гэдгээ ойлгоцгоосон.
Жил болгон татвар төлөгчдийн мөнгөөр хандив, дэмжлэг гэж явдаг арга барилаасаа салахыг ч шаардсан. Иргэд, ААН-үүдэд эдийн засгийн хөшүүргэ, боломждоо тулгуурлан анхан шатны үйлдвэрлэл эрхлэх боломжийг бий болгож өгөх нь Засгийн газрын үүрэг.
Хэвлэлийн хурал хийсэн залуучууд хөдөө явж үзэх хэрэгтэй, амьдралтай танилцах хэрэгтэй байна. Ямар малчин одоогийнх шигээ амьдрахыг хүсээд байна вэ, ямар малчид амжиргаагаа дээшлүүлэхийг хүсэж байгааг газар дээрээс нь өөрсдөө очиж сонс.
Малчдад олгогддог арилжааны банкны зээл 20-24 хувийн хүүтэй. Нэг ёсондоо сарын 2 хувийн хүүтэй мөнгөөр малчид амьдарч байна. Жилийн 6 хувийн хүүтэй зээл буюу хөрөнгө оруулалтыг нээж өгснөөр малчид өөрсдөө үйлдвэрлэл эрхлэх боломжтой байна. Малчдад мал маллах ухааныг би ч заахгүй. Л.Гантөмөр дарга ч заахгүй. Ухаан нь байгаад эдийн засаг нь болохгүй байгаа тэр эрх чөлөөг л нээж өгч байна" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)