Монголын парламент байтугай монгол хүний сэтгэхүйд үүрлэсэн нэгэн хандлага бол эцгийн эрхт ёсны үлдэгдэл юм. Өнөөгийн ардчилсан нийгэмд эрх тэгш байхаас илүүтэй эрэгтэй, эмэгтэй гэж хүйсээр ялгаад, бүхнийг дөвийлгөн харж, шүүмжилсэн хэвээр байна. Манай улсад төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо төдий л хангалттай байсангүй. Төдий л гэх үг ч энд тохиромжгүй байж мэднэ. Дэлхийн дунджаас ямагт хэд дахин хувиар бага байсаар ирсэн эл оролцоо сайжирдгийн даваан дээр бас муужиртал нь хараах болов.
Сонгогчид эрэгтэйчүүдийг алсын хараатай, шийдэмгий, зоригтой, шулуун, шударга байж чадна хэмээн дэмждэг болохыг "Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөлөл" гэх 2021 он хийгдсэн судалгааны үр дүнгээс бэлээхэн үзэж болно. Энэ бол өнөөх л захирах, засаглах эрх мэдлийг эрэгтэй хүнд оноодог хэвшмэл үзлийн илрэл юм.
Улстөрчдийн өрсөлдөөний талбар нь мэдлэг боловсрол гэхээс илүүтэй доромж, жигшүүрийг сонгогчдод мэдрүүлэх "хорчин ажиллагаа" болоод байна. Эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэх тусам төрийн легитим чанар сайжирдаг болохыг олон улсын судлаачид даруй тогтоочихсон атал монголд л үүднээсээ дээш алхуулахгүй байх тал дээр толгойгоо гашилгасаар өнөөг хүрэв.
Улстөрчийн харизмаар сул талаа нууж чадахыг эрэгтэйчүүд илүү сайн хийдэг нь маргах аргагүй зүйл. Үүнийг олон жишээ татаад баталчхаж болно. Танхимд өө сэвгүй, тув тунгалаг хүний дүр эсгэж, эсгэсэн дүрдээ туйлаас гүн орж, иргэдийн сэтгэл хөдлөлөөр унаа хийгээд өлхөн давхичихдаг гишүүд цөөнгүй л харагддаг.
Чухамдаа өрсөлдөгчийнхөө гэрийнх нь тотгоор өлийж, өнгийхөөс өөр "гал гарсан" улстөрийн тэмцэл хэний ч санаанд орохгүй байгааг ойрын үйл явдлууд нотолно.
Сонгуульд эмэгтэйчүүд нэр дэвших нь туршлага, эдийн засаг, өөртөө итгэх итгэл зэрэг хүчин зүйлээс улбаалан бага байдаг талаар дээрх судалгаанд дурдагдсан байна. Тэгвэл улстөрд нийт эмэгтэйчүүдийг төлөөлж, нийгмийн тэн хагасын дуу хоолойг өргөж, өөртөө болон туршлага, мэдлэг боловсролдоо ч итгэж, хэл үгийн бай болсоор элэгдэж мэдэх тийм харгис ч юм шиг тавцан дээр гарч зогсож байгаа нь "зоригтой" л хэрэг болох юм.
Бүх төлөөллүүдийг шингээхийг зорьж буй шинэ тогтолцоонд бас л чамлахаар квоттой байгаа цөөн эмэгтэй улстөрчдийг мөлжихгүй сэдэв ч гэж алга. Жингийн туухай дээр байгаагаар төсөөлвөл "алдаа, оноо"-ны хүнд, хөнгөн нь хүйсээс шалтгаалж хэлбийх нь.
Жендерийн тухай ойлголтын "гол дүр" бол эрэгтэй хүн биш. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс юм. Хүн болгон юм. Энэ нь улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, тэдний нийгэмд эзлэх байр суурийн талаар хувьсан өөрчлөгддөг ойлголт, үзэл, хандлага гэдэг. Гэтэл одоо өөрчлөгдсөн ч зүйл алга бололтой. Гутаан доромжлох, өргөмжлөн тахихыг үзүүлж байна. Ийм улс төрийг тэмээнд ачаалсан гэр гэж бодоход ачаа нь хэдийн холбирч унаад, унаа нь үргэж, тавраад эзэн нь явгаран үлдсэн дүр зураг биелэж байна.
Энэ жилийн сонгуулийн өдөр хүртэл гүтгэлэг, доромжлол, цуурхал биш хийж бүтээсэн, хийж бүтээх эрмэлзэл, улс төр дэх жинхэнэ манлайллыг л харах сан. "Хов базаж" улс төрд дөнгөн данган тэнсэж явдаг зураглалыг харж ханав. Одоо мэдрэмж, мэдлэгт суурилсан улс төрийг харах боломж, орон зайгаа мэдэрч, ардчилсан эрх чөлөөгөө эдлэх хэрэгтэй сэн.
М.Дэвээ
Сэтгэгдэл (13)