Өнгөрөгч 2023 оныг бид тасхийм жавар, цасан шуурга хийгээд байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө өвдөг бохирч, малчин иргэд бие барсан "гашуун" мэдээтэй өдрүүдээр үдсэн. 2024 он гарсан ч нөхцөл байдал эс өөрчлөгдөж, зам харгуй, мал хуй, гэр орон цасанд булагдсан хүндхэн үеийг давж, урин дулаантай одоо л нэг золгож байна.
Өдгөө хашир малчид ч цаг улирлын хатуу ширүүнээс халширч, хөдөө нутгаа орхин нүүхээс эрхгүй мөчүүдэд тулж очив. Тэдэнд өөрсдийгөө өмөөрөх битгий хэл, аяга цайгаа ч амгалан уух завдал үгүй. Хүн хүнтэйгээ бус байгалийн хэлгүй, дүлий үзэгдэлтэй тэмцэж байна шүү дээ. Малчин гэхийн ард "хүн" бий. Малчдад туслах нь, малчид руу чиглэсэн бодлого хэрэгжүүлэх нь малд бус хүнд тусалж, хүний төлөө бодлого хэрэгжүүлж байгаа явдал гэдгийг ухаант хүмүүс ойлгож байгаа нь гарцаагүй.
Төрийн оновчтой бодлогоор дутагдаж явсаар хөрөнгөтэй юм шиг харагддаг "ядуу" давхарга бий болсон гэхэд хилсдэхгүй цаг үе нүүдлийн мал аж ахуйг малчидтай нь хамт бүрхэн авсан юм.
Энэ үед Засгийн газар уур амьсгалын өөрчлөлтөөс уламжлалт мал аж ахуйн салбарт тулгамдаж буй нөлөөллийг бууруулах арга хэмжээг авах хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барьж, батлуулсан. Зуднаар 7.4 сая мал хорогдож, 5000 орчим айл өрх нийт малынхаа 70-аас дээш хувийг алдсан. Энэ бол амьжиргаа, амьдралын түвшин тэр хэрээрээ буурч буйн бултах аргагүй үнэн юм. Үүнтэй холбогдуулан төр, засгийн зүгээс бодлогын арга хэмжээ авахаас аргагүй мөчид тулж очсон, "зайлшгүй шаардлага" гэдгийг мэдэрсэн хэрэг.
ТӨРИЙН БОДЛОГО ЭНД ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙЛАА
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас малчин өрхийн гамшгийн эрсдэл даах чадварын дүн шинжилгээг хийсэн байдаг. Судалгаанд Улаанбаатар хот болон 21 аймгийн 330 сумын 10,023 малчин өрх хамрагдсан ба тэдний эрсдэл даах чадавхын дундаж түвшин 40.45 индекс оноотой гарсан байна.
Нийт өрхийн 10 хувь нь эрсдэл даах чадавхын 70-аас дээш түвшний индекстэй гарч, 20 хувь нь 20-оос доош түвшний оноотой буюу эрсдэл даах чадавх маш бага гэсэн үр дүн гарчээ.
Улирлын чанартай орлоготой малчин иргэд "урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх" зарчмаар явсаар өдийг хүрсэн. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарсайхан санаачлан батлуулсан хуулийнхаа дагуу "Шинэ хоршоо-Чинээлэг малчин" бодлогыг орон нутгаар танилцуулж яваа. Тэрбээр яриандаа "дундаж малчин өрхийн сарын орлого 1.5 сая төгрөг, зарлага нь 2.1 сая төгрөг байна. Сар бүр 600 мянган төгрөгийн алдагдалтай амьдарч байна. Олон малтай ч малаа тэжээж дийлэхгүй учир байгальд даатгаж байна" хэмээж байв.
ГАНЦ МОД ГАЛ БОЛДОГГҮЙ, ГАНЦ ХҮН АЙЛ БОЛДОГГҮЙ
Хүнд хэцүү үед малчид төрөөс "зээл тэглээд өг" гэхээс илүүтэй "амьдрал болохуйц" өөрчлөлт, эрх зүйн орчныг хүлээж байгаагаа уламжилсан байдаг. Тэгвэл малчид нийлж, давагдашгүй давааг хамтдаа туулан гарах, үйлдвэрлэл эрхлэх, түүхий эдээ "алт" болгох өөр нэгэн зам дээр зогсож байна. Энэ нь “Шинэ хоршоо”-гоор мөр татуулах юм. Эл хөдөлгөөнөөр малчдын амьдралын шинэ хэв маягийг бий болгож, санхүүжилт хийнэ гэж буй. Өмнө нь хэрэгжиж байсан хөтөлбөрүүдээс хөрөнгө оруулалтын зээл гаргаж байгаагаараа онцлогтой юм билээ.
Бэрхийн зуднаас монгол түмнийхээ халуун сэтгэл, дэмээр "эсэн" гарсан малчдад тулаад ирсэн хүтүүг туулаад гарах "тэнхээ"-г өгөх нь хадлан тэжээлээ сайн бэлдсэн, малын тарга тэвээргэ авахуулсан гэх зэрэг буруутган, шүүсэн үгс биш юм. Дээрх дурдсан судалгаанд "Малчин өрхийн орлогын гол эх үүсвэр нь мал боловч зах зээл, боловсруулах үйлдвэрийн хязгаарлагдмал байдлын улмаас малчдын орлого ямааны ноолуур, малыг нядлах эсвэл амьдаар борлуулах хоёрхон сонголт бүхий улирлын чанартай мөнгөн урсгалыг тэдэнд авч ирдэг" гэж дүгнэсэн байдаг. Үүнтэй маргах арагагүй агаад энэ тойргоос гарах нь нэн тэргүүний асуудал байсан хэвээр.
Газар нутгийн 71 хувь дээр бэлчиж буй мал аж ахуйн салбараа илүү зорилтот болгоё, хагас эрчимжсэн хэлбэр рүү шилжүүлье, бэлчээрийн даацад нийцсэн мал аж ахуйн салбартай болъё гэсэн зорилго ч өдгөө өрнөж буй "Шинэ хоршоо" хөдөлгөөний хөдлөх гол хөшүүргэ.
“Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” уриатай “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг улс төр, сонгуулийн драм болж дуусахгүй бол "тулхтай ажил" гэж орон нутгийн иргэд ярьж буй. Энэ бол мал бүхий, малчин хүнд л олгох зээл. Малчин ч өөрөө төлөх үүрэг хүлээнэ. Тэгэхээр малчин өөрөө хоршоогоо хянах, үйл ажиллагаагаа хянахад оролцож сурах нь чухал. Тухайн хоршооны хөрөнгө оруулалтын зээл нь сумын хөгжлийн төлөвлөлтөд тусгагдсан төслийг санхүүжүүлэхэд зориулагдах юм.
Мал аж ахуйн салбар нь ганцхан жилийн зуднаар ганхаж байгаа улсын шийдэл хайж, олсон арга зам нь энэ. Аажмаар эрчимжсэн мал аж ахуй руу шилжих сэтгэлгээний суурь эндээс эхэлж тавигдах ч магад. Засгийн газар мал аж ахуйн салбарыг цаашид олон улсын жишиг бүхий хоршоололд суурилсан бие даасан салбар болгоход ихээхэн анхаарч байгаа гэх.
Чухамдаа "Ганц хүн айл болдоггүй" гэгчийн үлгэр үнэн буй. Отроор очиход нь малчид нэгнээ хөөдөг бус дэмнэдэг, бэлчээрээ булаацалддаг бус хуваалцдаг нүүдэлчин соёлын үнэт, мөн чанарыг хадгалан авч үлдэх, сэргээн сэнхрүүлэхэд учир зангилаа бий.
Тиймд Засгийн газраас уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэхээр 5-10 жилийн урт хугацаанд 5 их наяд төгрөгийн цогц бодлогыг хэрэгжүүлж эхэлж байгаагийн жишээ нь "Шинэ хоршоо".
М.Жаргал
Сэтгэгдэл (1)