-Зүүн гурван аймгийн малчин өрхөд ногдох малын тоо бусад аймгаас 2 дахин олон байна-
Мал аж ахуйн салбарт өөрчлөлт, шинэчлэлт хийх зорилготой Засгийн газрын томоохон бодлого болох “Шинэ хоршоо” хөдөлгөөний зүүн бүсийн нээлт Дорнод аймгийн төв Чойбалсан хотод өнөөдөр эхэллээ. Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн 400 гаруй малчин, хоршоологчдын төлөөлөл нээлтэд оролцож байна. “Шинэ хоршоо” хөдөлгөөний зүүн бүсийн нээлтэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, энэхүү хөдөлгөөнийг санаачлагч Д.Амарбаясгалан болон УИХ-ын гишүүд, бусад албаны хүмүүс оролцож байна. Мөн хотоос хөдөөг зорьж малчин болсон залуусын төлөөлөл сайн туршлагаа хуваалцахаар бүсийн нээлтэд оролцож байгаа юм.
“Шинэ хоршоо”-ны талаарх танилцуулгыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хийж байна. Тэрээр 2021 оноос хойш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мал аж ахуйн салбарт сэргэлтийг бодитой болгох хэрэгтэй байна, хөдөө эзгүйрлээ, малчдын орлогын төвшин буурсаар, мал дээр гарахаас залхаж байна, иймд бодитоор сэргээх нь чухал байна гэсэн чиглэл өгсөн гэдгийг онцлов. Иймд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж байгаа юм. Мал аж ахуйн салбарын өөрчлөлтөд зүүн бүсийнхэн бэлэн байгаагаа илэрхийлж олноор хүрэлцэн иржээ.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан зүүн бүсэд хөдөө аж ахуйн салбарын судалгаа, тооцоо ямар байгаа талаар танилцуулав. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Хэнтий аймаг 9125 малчин өрхтэй бол Сүхбаатар аймаг 8971, Дорнод аймаг 6137 малчин өрхтэй юм байна. Зүүн гурван аймгийн малчин өрхөд ногдох малын тоо бусад аймгуудынхаас 2 дахин олон байгаа аж. Үхэр, адуу олонтой онцлог бүс нутаг юм. Дорнод 46 хоршоотой, Сүхбаатар, Хэнтий аймаг тус бүр 47 хоршоотой байна. Нэг толгой малаас авч буй дундаж орлогыг нь тооцож үзвэл Дорнодод 116 мянга, Сүхбаатар, Хэнтий аймаг 85 мянган төгрөг олдог гэсэн судалгаа тооцоо гарчээ. Тэгэхээр малын ашиг шимийг бага хүртэж байна гэсэн үг. Иймд малчид энэ байдлаа өөрчлөх томоохон бодлого шийдвэрийг төр засгаас хүсэж байгаагаа судалгаанд хамрагдах байдлаар илэрхийлсээр байгаа юм.
Малчдын ахуй байдал, уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэхээр Засгийн газраас 5-10 жилийн урт хугацаанд нийт 5 их наяд төгрөгийн цогц бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөр баталсан. Энэ хүрээнд хоршооны гишүүн нэг малчин дээд тал нь 50 сая төгрөгийн зээл авах боломжтой. Харин нэг хоршоо 2 тэрбум төгрөгийн зээл авч болно. Арилжааны банкууд төрийн оролцоогүйгээр зөвхөн өөрийн эх үүсвэрээс “Шинэ хоршоо”-ны гишүүн малчдад зээл олгох юм. Банкууд энэ хөтөлбөрт зориулж зөвхөн энэ жилд 600 гаруй тэрбум төгрөгийн зээл гаргах боломжтой гэдгээ илэрхийлжээ.
Малчид өнөөдөр жилийн 20-24 хувийн өндөр хүүтэй арилжааны банкны зээлтэй амьдарч байна. Харин хоршоонд нэгдсэн малчин өрх арилжааны банкнаас 3-5 жилийн урт хугацаатай, жилийн 6 хувийн бага хүүтэй хөрөнгө оруулалтын чиглэлийн 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг авах боломжтой болно. Нэг хоршоонд доод тал нь 9 малчин айл нийлж болох аж. Хоршоонд үйлдвэрлэл явуулахад дэмжлэг үзүүлж 5 га газрыг нэг удаа үнэ төлбөргүй эзэмшүүлэх юм байна.
Сэтгэгдэл (1)