Нийслэлээс өнөөдөр буюу гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн автобусаар зорчигчдын толгойг тоолох төхөөрмжийг суурьлуулна гэсэн. Хэлсэндээ хүрдэггүй дарга нарын хэлсэн бүхэн хэрэгжээд эхлэхээр сонгууль дөхсөн байдаг даа.
Төдөн толгой мал гэж л мэдэхээс, хүний толгойг хүртэл тоолдгийг мэдээгүй явжээ. Энэ бүхэн хаанаас эхэлснийг эргэн санъя.
Нийслэлийн нийтийн тээврийн авто баазуудын жолооч нар өнөөдөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгаланд шаардлага хүргүүлсэн нь өнгөрөгч хоёрдугаар сарын 26-ны өдөр. Уг шаардлагад нэгдүгээрт, автобусны жолооч нарын өдөр бүр 8 цаг ажиллаж байгаа цалинг бүтнээр нь олгох. Хоёрт, НДШ, татвар энэ бүгдийгээ суутгаж авсны дараа жолооч нарын гар дээр ирэх цалин нэг сарынх нь 3.5 сая төгрөг байхаар тооцож олгох тухай байв. Харин гуравт, хувийн автобус баазууд болон орон нутгийн өмчит баазын жолооч нар тэтгэвэртээ гарах эрх үүсэхэд нэг удаагийн 24 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж бодож олгох гэсэн гурван шаардлага тавьсан.
Энэ үеэр сошиалаар Х.Нямбаатарыг жолооны хүрднийхээ араас шүүмжилж олонд танигдсан, “Трансбус” ХХК-ийн жолооч Э.Бат-Орших "Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2023 оны арванхоёрдугаар сард мэдээлэл хийх үеэрээ “2024 оны нэгдүгээр сараас жолоооч нарын цалинг сарынх нь 3,5 сая төгрөг болгож нэмнэ” гээд зарлачихсан. Бид тэвчээртэй хүлээсэн, нэгдүгээр сарын цалин буулаа, нэмэгдсэнгүй. Хоёрдугаар сард Түгжрэлтэй тэмцэх сайд Б.Дэлгэрсайхан “ Хоёрдугаар сарын дундуур автобусны жолооч нарын цалинг 3,5 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр Улаанбаатар хотын захирагчтай ярилцааад тохиролцлоо. Хоёрдугаар сардаа багтаагаад нэмэгдэл цалин өгнө гэсэн, байдаггүй" гэж хэлээд араас нь ам алдсан учир өнөөдрөөс бид толгойгоо тоолуулах мал мэт болов.
Автобусанд карт уншигч суурилуулсан цагаас алдарт КОНДУКТАР эгч нарын сураг алдарсан. Манайхан хэзээнээсээ л юмыг эсрэгээр нь хийж дадсан улс. Юу гээд л карт уншуулаад явах вэ дээ. Мэдээж бэлэн мөнгөөр ихэнх маань зорчиж буй. Жолооч нар нь ч үүнтэй нь эвлэрчихсэн. Бүхэл мөнгийг задалж, яг л түцний худалдагч эгч нар шиг аягладаг. Жолооч нар иргэдийн өгсөн бэлэн мөнгийг 100 хувь өөртөө шингээдгийг олонтоо шүүмжилсэн ч тоох хүн байсангүй. Тоож байгаа хэд нь жолооч нарыг өмөөрөөд л өнгөрдгийг бид харсан.
Гэтэл жолооч Э.Бат-Орших бусдыгаа төлөөлж ам нээгээд буруудсан юм. Тэр "500 төгрөгтэй холбоотой шүүмжлэл их байдаг. Тэр 500 төгрөг жолооч бид нарт юм болохгүй дээ. Харихдаа хүүхдийнхээ памперсийг, идэж уух хүнсийг нь бэлдэж өгнө. Маргаашийнхаа нүүрс түлээг авна. Иймэрхүү л зүйлсэд зарцуулагдаж байгаа. Авлаа гээд оцойж, овойтлоо баяжсан юм байхгүй" гэчихсэн.
Уг чанартаа энэ нь хулгай хийж байгаа гэдгээ хэн нь ч ухаараагүйд л харуусал төрсөн юм. Ер нь манай улсад хулгай хийсэндээ харамсдаг, гэмшдэг нэг ч хүн үгүй.
Түүний араас удалгүйхэн Хотын дарга Х.Нямбаатар хурал дээрээ "Гуравдугаар сарын 15-аас нийтийн тээврийн төлбөр тооцооны системийг олон нийтэд танилцуулж, зугуухан шилжилт хийх гэж байна. Үүний дагуу хүний толгой тоолдог төхөөрөмжийг бүх автобусанд суулгах гэж байгаа" гэсэн юм.
Энэ тухайд хотын даргын зөв гэмээр санагдав. Нийтийн тээврийн салбарт орох мөнгийг замаас нь туучихаад амьдралд нэмэр болоогүй гэж гомдоллох тэр жолооч юу вэ? Бусад хүмүүс зөвхөн цалингаараа л амь зуудаг байтал тэд иргэдээс авсан мөнгөөрөө амьдрах гэж зүдэх нь гутамшиг байлтай.
Гэвч иргэдийн зорчих картыг тогтмол уншуулах, хяналт тавихад төрийн хэвшлийн хийгээд автобус компаниудын оролцоо үгүйлэгдэж л байсан. Нөгөөтэйгүүр, жолооч нар ч карт уншуулахгүй байгаа зорчигчид шаардлага тавих ухамсаргүй л байж дээ.
Хамгийн хачирхалтай нь жолооч нарын авч буй мөнгөнд асуудал байгаа юм биш. Иргэдийг үнэн шударгаар төлбөр төлөхөд, өөрөөр хэлбэл зөвхөн карт уншуулж зорчиход хяналт тавих ажлыг хийх ёстой байтал яагаад толгой тоолох системд мөнгө зарлагадах хэрэг юу билээ. Яг хаанаас, юу авчирч тоолох гээд байгааг хэн ч мэдэхгүй байгаа нь эвгүй.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (6)