Өнөөдөр бид хүний гурван үрийг, эх орны хөвгүүдийг эцсийн замд нь үдлээ. Он гарахын алдад бас нэг үрээ үдсэн. Энэ бүхний ард "Онцгой" гэх нэрээр нүцгэн цээжээ хамгаалж чадахгүй, энэ үг үхлээс хэзээд аварч чадахгүйг л ойлгох.
Улаан гал руу, улайран үерлэх гол руу орж, гамшгийн өөдөөс тэрслэн босож, бусдын амийг аврахын төлөө нарийн олсон дээгүүр тэнсэн явагчдын амь насыг хэн хамгаалах ёстой билээ. Өнөөдрийг хүртэл Монгол Улсын "онцгой" алба руу эрх мэдэлтнүүд "онцгой" анхаарал хандуулж байсан удаагүй.
"Хүлээсэн үүргээ үнэнч шударгаар биелүүлж, амиа өргөхөд бэлэн" гэж тангараг өргөсөн үүргээ ухамсарлаж яваа албан хаагчдын эрх ашгийн төлөө хэн, хэзээ дуугарч байв.
Тэдний амьдралын баталгаа сарын хэдэн төгрөгийн цалингаас өөр юу байв. Амиа алдвал, 10 жилийн цалингийн дундаж. Төр түмэн нүдтэй гэдэг сэн. Гэтэл өдгөө төрийн түмэн нүд зөвхөн хагацал, нулимс руу л харж байна. Тийш харахдаа л хурц байна.
Гурван айлын гэр ханхайж, эцэг эх, хань ижил, үр хүүхдийнх нь элэг эмтэрлээ. Энэ улсын иргэдийн сэтгэл эмтэрлээ. Тангараг гэдэг үгийн ард хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Аюулгүй ажиллагааны дүрэм тэнд үйлчилсэнгүй. Тэнд бусдын төлөө гэх сэтгэл л үйлчиллээ.
Бусдын төлөө өргөсөн тангарагтай хүмүүс рүү, ажил алба руу онцгой анхаарал хандуулж байгаач. Ажилчдын хувцасны мөнгөнөөс л битгий ид. Энд тэндгүй шавар тагз босгох гэж төсөв рүү хуруу хумсаа хугалан байж гараа дүрэхийн өмнө "хүн"-ий тухай бодож байгаасай. Хүнийг хайрлаж, энэрэх нинж сэтгэлээ мөнгөөр даруулж идэхээ болиосой.
15 тэрбумаар тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл авахаар болсон гэж буй. Автал нь амь насаа юугаар хамгаалах нь эс мэдэгдэнэ. Одоогийн байдлаар тусгай зориулалтын техник тоног төхөөрөмжийн хангамж улсын хэмжээнд 57 хувьтай, нийслэлд 55 хувьтай байна. Хүн нэг бүрийн хамгаалах хувцас хэрэглэлийн хангалт 35-48 хувьтай байгаа. Нийт алба хаагчийн хувцас хэрэглэлийг хангахад 300-350 тэрбум төгрөг шаардлагатай байгааг ОБЕГ-ын дарга хэлж байв.
Дөрвөн албан хаагч дундаа нэг тусгай зориулалтын хувцастай "Онцгой байдал". Усны хувцас өндөр үнэтэй. Хуурай болон нойтон хувцас гэж бий. Хуурай хувцас нь их өндөр үнэтэй. Хүний аминаас ч үнэтэй.
Эрэлхэг баатар, эгэл баатар, гавьяа, үүрд дурсана санах болно гэх үгс хөвөрнө. Бид мартах эрхгүй. Эмгэнэлийн мэдээ, эмгэнэлийн ард ч тайтгарахгүйгээр, та бидний төлөө тангараг өргөсөн тэр олон үрсийн төлөө үргэлж хариуцлага нэхэж, шаардсаар байх хэрэгтэй билээ. Тэгэх ч болно. Энэ бол тэднийг үүрд санан дурсаж буй нь бэлгэ тэмдэг юм.
М.Дэлгэрэх
Сэтгэгдэл (5)