Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ес дэх удаагийн ёслол өнөөдөр (2024.01.12) Төрийн ёслол хүндэтгэлийн Их танхимд боллоо. Энэхүү шагналыг авсан Н.Лүндэндорж "Өнөөдөр УИХ-аас бий болгосон Б.Чимид багшийнхаа нэрэмжит, энэ нэр хүндтэй шагналыг гардан авсандаа баяртай байна. Энэ шагнаыг би гүн хүндэтгэлтэйгээр хүлээн авч байна" гээд дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "1992 онд шинэ Үндсэн хуулиа баталсан. Энэ хуулийг монгол хүн, монголын хуульчид, монголын ард түмэн өөрийн оюун бодол, өөрийн гараар хараат бусаар бие даан урласан анхны бүтээл. Харин өмнөх гурван үндсэн хуулийг бид өөрсдөө хараахан хараат бусаар хийж чадаагүй. Энэ үндсэн хууль бол тусгаар тогтносон улсын ард иргэд өөрийн тоглоомын дүрэм буюу нийгмийн гэрээгээ бие дааж хийснээрээ түүхэн ач холбогдолтой. Тухайн хуулийн төгсгөлд мэдэхтүн, сахигтун хэмээх үг бий. Ард иргэддээ танин мэдүүлсэнээр Үндсэн хууль амь орж, түүнийг сахидаг учиртай юм шүү гэсэн утгатай.
Энэ 30 жилийн хугацаанд бид Үндсэн хуулиа ард иргэддээ таниулсангүй, мэдүүлсэнгүй. Үндсэн хуулиа одоо ч "амьд хүч" болгож чадаагүй байгаа нь харамсалтай. Одоо үүнийг засаж, илүү сайн танин мэдүүлэх хэрэгтэй.
Миний гаргасан шинжлэх ухааны тайлбар бол мэдэхтүн гэдэг үгийг хэрэгуүүлэхэд хувь нэмрээ оруулъ гэж зорьсон. Үг болгоных нь цаана байгаа утга агуулга, онол, цилософи, мэдлэг ухаан, дэлхий дахины туршлагыг тайлбарлан ард түмэндээ хүргэж байгаа юм.
Мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэж бид шүүмжлээд байдаг. Хүнээ яагаад бичээгүй юм л гэдэг. Энэ бол Монгол Улсын оршихуйтай холбоотой. Газрын шимийг мал сүргээр дамжуулж авахаас аргагүй тийм газар нутаг, түүхэн хувь заяа монголын ард түмэнд ноогдсон гэдгийг хууль тогтоогчид олж харсан. Үүний хүчийг тайлбарлаагүй учраас малчид, мал сүргийн талаар бодлого шийдвэрийг сайн ойлгохгүй, шүүмжлээд байна. Үндсэн хуулийг амь оруулж, ард түмний хамгаалалтад оруулахын тулд энэ тайлбарыг бичсэн.
Энэ Үндсэн хуулийн ач буяныг үгээр илэрхийлэхийн аргагүй. Маш олон зүйл байгаа. Үндсэн хуулиа нийтээр мэдэх хэрэгтэй. Үндсэн хуулийг яагаад өөрчлөөд байдаггүй болохыг бодох хэрэгтэй. АНУ бол 200 жилийн хугацаанд Үндсэн хуульдаа 26-хан удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Агуу хууль болохоор биш шүү дээ.
Үндсэн хууль нь төр барьж буй хүмүүсийн давах ёсгүй хил хязгаарыг заадаг юм. Засварлаж, өөрчлөх тусам тэр хил хязгаарыг давчих гээд байдаг юм. Тиймээс Үндсэн хуулиа засахаас илүү бусад хуулийг засах маягаар хийх хэрэгтэй. Үндсэн хуулиа засах бол сайн зүйл биш. Энэ парламент бүрэн эрхийнхээ хугацаанд Үндсэн хуульд хоёр удаа гар хүрчихлээ. Энэ бол түүхийн хувьд сайн жишээ болж үлдэхгүй л болов уу.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (2)