УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны энэ сарын 9-ны өдрийн хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2022 оны 05, 07, 08, 2023 оны 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонссон юм.
Байнгын хороо 2022 оны 08, 2023 оны 01 дүгээр тогтоолоо р Дархан арьс ширний цогцолбор, Эмээлт эко аж үйлдвэрийн парк болон Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн паркын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, 07 дугаар тогтоолоор дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн техник, технологийн шинэчлэл, эрчимжсэн аж ахуй, борлуулалтын тогтолцоог төлөвшүүлэх, 05 дугаар тогтоолоор жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төрийн санхүүжилтийн бүтэц, эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлийг Засгийн газарт өгсөн байна.
Тогтоолын хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг танилцуулсан юм. Дархан арьс ширний цогцолборын хүрээнд 25 га болон 180 га газрыг хамарсан хоёр төсөл явж байгаа юм. Засгийн газрын 2020 оны 185 дугаар тогтоолоор байгуулсан цогцолборын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил, эзэмшил, ашиглалтыг хариуцах “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК 25 га газрыг эзэмшиж байгаа юм. Үүнд нийт 516 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Тус ТӨХХК 4.0 сая богийн, 400 мянган бодын арьс боловсруулах хүчин чадалтай бөгөөд 2300 ажлын байр бий болгох аж. Харин 2018 оны есдүгээр сарын 5-нд Дархан-Уул аймгийн ИТХ-ын 100 хувийн эзэмшилтэйгээр үүсгэн байгуулсан орон нутгийн өмчит “Дархан арьс ширний цогцолбор” ХХК 180 га газар эзэмшдэг. Тус компанийн 85 хувийн хувьцааг "Саравэй" ХХК авч, улмаар "Лидер капитал" ХХК-д шилжүүлсэн байх бөгөөд эрх зүйн байдлын хувьд орон нутгийн өмчийн оролцоотой, хувийн хэвшил олонхи хувьцааг нь эзэмшдэг холимог өмчийн хэлбэртэй хуулийн этгээд болсон.
Эмээлтийн аж үйлдвэрийн паркад 734,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай ба 10 мянган ажлын байр бий болж, жилдээ 7.0 сая ширхэг арьс, шир боловсруулах бол Шинэ Ховд аж үйлдвэрийн парк 118,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай, жилдээ 1.0 сая ширхэг арьс, 3000 тонн ноос, 300 тонн ноолуур боловсруулах төлөвлөлттэй.
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагуудын хооронд нэгдсэн ойлголтод хүрээгүйн улмаас Дархан арьс ширний цогцолбор төсөл зогсонги байдалд ороод байгаа юм. Газар дээр нь ажиллаж, барилгын ажлын гүйцэтгэл, төслийн үнэлгээг хийх ажлын хэсэг өнгөрсөн оны эхнээс ажилласан хэдий ч өнөө хэр нэгдсэн ойлголтод хүрээгүй байна. Төслийн талбайд хийсэн дэд бүтцийн ажил 4 дэх жил рүүгээ орж байгаа бөгөөд цаашдаа ашиглах боломжгүй болох эрсдэлд ороод байгаа аж. Мөн техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны үнэлгээтэй холбоотой зураг төсвийн ажлууд үнэгүйдэж эхэлсэн байна.
Шинэ Ховд үйлдвэр технологийн паркийн дэд бүтцийн ажлууд 23-60 хувийн гүйцэтгэлтэй яваа ба түүхий эдийн цэвэрлэх байгууламжид хуучин тоног төхөөрөмж ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан учир энэ онд цэвэрлэх байгууламжийг шинээр байгуулахаар ажиллаж байгаа аж.
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн инженерийн суурь дэд бүтцийг Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар нөхөн сэргээлтийг дэмжих төслийн хүрээнд санхүүжүүлж төр хувийн хэвшлийн түншлэл, гадаад дотоодын хөрөнгө оруулалтын бусад эх үүсвэрүүдээс санхүүжүүлэх байдлаар техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байгаа бөгөөд ирэх сард бэлэн болох аж.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Батлут, Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Г.Дамдинням, Ц.Анандбазар, Ц.Туваан нар асуулт асууж, үг хэлэв. УИХ-ын гишүүд төслүүдийн бүтээн байгуулалтын ажил удаашралтай явагдаж, 10 жил үргэлжилж байгаад ихээхэн шүүмжлэлтэй хандаж, ажил хариуцсан төрийн байгууллагын хүмүүс үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй, хариуцлагагүй хандаж, хий хоосон ярьж, ажил хийдүүлж байгааг онцгойлон анхаарууллаа. Барилга байгууламжаа барьж гүйцээгүй байхад технологи нь хоцрогдож байгааг УИХ-ын гишүүн Д.Батлут сануулж, ашигтай том төсөл бүр дээр мэдээлэлд ойрхон байдаг хүмүүс, дарга цэрэг нарын оролцоотойгоор будлиан хутгадаг байдал салбар бүр дээр гарч байгааг онцгойлон дурдаад, үүнийг яаралтай засахгүй бол өөрөө аяндаа гольдролдоо боломж хомс гэдгийг хэлсэн бол УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан эдгээр томоохон ажлууд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос үүрэг чиглэл өгч байх зургаан сарын өмнөх үеийн нөхцөл байдалтайгаа хэвээрээ, огт хөдлөөгүй байгаад харамсаж байна гэсэн юм.
Дархан арьс ширний цогцолборын асуудал хэзээ шийдэгдэх вэ гэсэн УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын асуултад ажлын хэсгийн гишүүд тодорхой хариулт өгч чадсангүй. Нөөц боломж, орон зайн тооцоо судалгаанд тулгуурлан боловсруулж, баталсан Бүсчилсэн хөгжлийн бодлогоос ухарч буцах, эргэлзэх асуудал огтхон ч байж болохгүйг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал сануулаад, нийслэлийн тодорхой бүсийг үйлдвэрлэлийн район гэж тогтоосон бол тэндээ үйлдвэрүүдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллахаас бус суурьшлын бүс зэргээр давхар төлөвлөж үймүүлэхгүй байхыг Нийслэлийн захиргаанд анхааруулав. Дархан минж ХК, Булигаар ХК зэрэг үйлдвэрүүд Өмнөд Африк, Туркээс анхан шатны боловсруулалт хийсэн арьс шир, бэлдэц оруулж ирж үйлдвэрлэл явуулж байгаа гэсэн мэдээлэл үнэн эсэхийг тэрбээр лавлаж асуухад уг мэдээлэл үнэн болохыг ажлын хэсгийн гишүүд хариулсан юм.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням Дархан арьс ширний цогцолбор төслийг хөдөлгөх, төр, хувийн хэвшлийн түншлэл, ойлголцлыг хангах талаар ажлын хэсэг байгуулж ажиллах санал гаргасныг байнгын хорооны дараагийн хуралдаанаар авч хэлэлцэхээр болсон юм. Тэрбээр цогцолбор төслийн ажил төрийн шийдвэрийн алдаа гэдгийг дүгнэн хэлж, Ковид 19 цар тахлын өмнөх жилүүдэд хувийн хэвшлийн хийсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг худалдан авсан бол 20 орчим тэрбум төгрөгийн зардал шаардагдах байсан бол одоо газрын үнэлгээтэйгээ нийлээд 200 гаруй тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа талаар ярьж, төр ажил хийе гэхээр нөгөө талд нь луйварчны дүрээр хандаад байж болохгүй гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Мөн тэрбээр төрийн өгч ашиглуулсан газрыг га-г нь тэрбум төгрөгөөр үнэлээд, буцаагаад арилжаалах гэж байгаа нь зүйд нийцэхгүй гэсэн юм. Түүний ажлын хэсэг байгуулж ажиллах тухай саналыг дэмжиж байгаагаа УИХ-ын гишүүн Ц.Анандбазар илэрхийлээд, монголчууд мал сүргийнхээ амьсгалаас бусдыг хэрэглэдэг уламжлалтайг дурдаж, Дархан арьс ширний цогцолбор төслийг гацааж байгаа энэ явдал хувийн хэвшлийнхний буруу биш, “хувийн хэвшил” гэдэг нэр зүүсэн төрийнхний бизнес болохыг анхааруулав. Тэрбээр төрийн төслөөр мөнгө хийдэг ийм хулгайг эцэс болгох хэрэгтэй гээд Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ажилд хотын захиргаа хөндлөнгөөс оролцож буйг дэмжихгүй байгаагаа, мөн Монголд олон үйлдвэрийн багтаамж байхгүй тул зах зээлийн судалгааг сайтар хийх шаардлагатайг хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан, Дархан арьс ширний цогцолбор төсөл зогссон нь тухайн үед Хөдөө аж ахуйн сайд байсан хүний эсрэг бодлоготой холбоотой гэсэн гэж үзэж байгаагаа хэлэв.
Уг төсөл Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдаатайг тэрбээр сануулж, малчид иргэдийн харж хүлээж байгаа энэ чухал ажлыг хувийн хэвшлийнхэнтэйгээ ойлголцоод хөдөлгөх шаардлагатайг дурдлаа. Мөн тэрбээр малчдад олгох арьс ширний урамшууллын бодлого хэзээнээс хэрэгжих талаар асууж хариулт авсан юм. Урамшууллын бодлогыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж тэрбээр үзэж байгаа аж. Малчдын малын түүхий эд өдөр өдрөөр үнэгүйдэж, арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдээ нэхсээр байгааг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар өгүүлээд, говийн бүсэд үйлдвэр, технологийн парк байгуулах эсэх талаарх Засгийн газрын төлөвлөлтийн талаар тодруулга авав. Говьсүмбэр аймагт мах боловсруулах чиглэлээр дагнасан аж үйлдвэрийн парк байгуулах талаар судалж буй тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг танилцуулав.
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд арьс ширний цогцолбор байгуулах нэрээр Дарханд 180 га газар авч, түүнийгээ барьцаанд тавьж Хөгжлийн банкнаас 20 тэрбум төгрөг зээлээд, хэдэн суурь цутгасан болж, эргээд 180 га газраа 180 тэрбум төгрөгөөр төрд буцааж шахах оролдлого өнөөдөр арьс ширний цогцолборын төслийг гацаагаад байгаа гэж товчоор дүгнээд, Хөгжлийн банк өр авлагыг барагдуулах талаар идэвхтэй ажиллах шаарлагатайг сануулсан юм. Цаашид энэ төслийн зохион байгуулалтын ажилд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо оролцож, яаралтай арга хэмжээ авч ажиллахгүй бол болохгүй байна гэв. Мөн тэрбээр Хан-Уул дүүрэгт ажиллаж байгаа арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт рүү нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой эрх зүйн болон эдийн засгийн үр дагаврыг сайтар тооцож ажиллахыг Нийслэлийн удирдлагуудад чиглэл болгов.