Хамгийн ойрын жишээг сануулахад л... шийдвэрлэх түвшний эрх мэдэлтнүүдэд нийгмийн түмэн асуудлын дунд бэдэрч яваа иргэдийн нуруун дээр торгууль гэх ачаа нэмэхээс өөр "шийдэл байдаггүй" бололтой.
Хотын дарга Х.Нямбаатар "суудал"-аа авахдаа л давс мэт шорвог шийдвэр гаргана гэж таахалзаж байв. Үг ч ёсоор болж баруун, солгойгүй "торгууль"-ийн хуудас наахаар болж байна.
Хар болон ердийн гэсэн хоёр ангилал бүхий такси үйлчилгээг нэвтрүүлж, "замын унаа"-г үгүй хийх үйл хэрэгт нь саад болсон иргэн, хуулийн этгээдийг 5-50 сая хүртэлх төгрөгөөр торгохоор төлөвлөж байна. Үүнийг дэмжих ч хэсэг бий. Эс дэмжих нь ч буй.
Хүссэн болгон нь такси үйлчилгээнд явж, "халтуур"-ын мөнгөө амьдралдаа нэмэрлэж чадахгүй болно. Хүсвэл гаргаж буй замаар нь эгнээд зогсох хэрэгтэй. Үгүй аваас торгуулна, өр зузаарна. Энэ үйлчилгээг нэвтрүүлэх үйл явцыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагыг "хүн амины харуусам хэргийн ард ярьж эхэлсэн.
Харин "торгож, иргэдийн халааснаас хэдэн төгрөгийг нь булаан авч байж журам мөрдүүлдэг дарангуйлагч жишгээс татгалзах хэрэгтэй" мэт.
Хаашаа л эргэнэ, торгууль л таныг тосно. Хүн амын амжиргааны түвшин доогуур байна, энэ улсад дундаж давхарга гэж үгүй болсон тухай бүгд л ам уралдан ярина. Гэхдээ эцсийн дүндээ олсон арав, хорин төгрөгийг нь яаж ийгээд "гулсуулчихна".
Нийслэлд амьдарч буй иргэд хувийн хөрөнгөө эдэлж болохгүй, цаашилбал бараг л "өмч"-тэй байж болохгүй. Учир нь унасан машин нь түгжрэлийг түгжээ, албан тушаалтны ажлын "садаа" болж байгаа бус уу.
Он дамжуулсан тэгш, сондгой шийдвэрээ "торгоно, эрх хасна" гэж байгаад л мөрдүүлсэн гэдгийг бас л сануулах нь зүй.
М.Дэвээ