Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн. Хэлэлцэх явцад БХБ-ын сайд Ц.Даваасүрэн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нар уг хуулийн шинэчилсэн найруулгыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Ийнхүү танхимын гишүүдийнхээ эсэргүүцэлтэй тулгараад буй уг хуулийн төслийн хэлэлцүүлэг энэ долоо хоногт дахин үргэлжилнэ.
Тухайлбал, тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн оны зургаадугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.
Хуулийн төсөлд хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гомдол, маргааныг шийдвэрлэх асуудлыг тодорхой болгох, төрийн байгууллагуудын хяналт, шалгалт, төрийн хүнд суртлыг багасгах, мөнгөний босгогүй болгох, зөвшөөрлийг хялбаршуулах зэрэг зохицуулалтыг тусган өгчээ.
Ингэснээр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах таатай орчныг бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, Монгол Улсын өрсөлдөх чадварыг сайжруулах зэрэг олон эерэг нөлөө үзүүлнэ хэмээн үзсэн аж.
Ийнхүү уншигч та бүхэнд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн онцлох таван хуулийн заалтыг танилцуулж байна.
Нэг. Хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэх, шинээр орж ирэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор гадаадын хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд тавигдах шаардлага болох 100 мянган ам.долларын шаардлагыг зарим салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтад байхгүй болгожээ.
- Ингэснээр эдийн засгийг төрөлжүүлэх нөхцөл бүрдэх ба уул уурхайн салбараас бусад салбарт оруулах гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзсэн байна.
Хоёр. Хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулж, төрийн байгууллага, төрийн албан хаагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой хөрөнгө оруулагчийг хохироосон аливаа гомдлыг шалган шийдвэрлэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.
- Үүний үр дүнд хөрөнгө оруулагчид өөрсдийн үйл ажиллагаанд үүссэн хүндрэл бэрхшээлийг цаг алдалгүй шийдүүлэх, улмаар гомдол нь даамжран шүүхийн болон арбитрын маргаан болж, төрд болон хөрөнгө оруулагчдад хүндрэл үүсгэдэг байдал арилна гэж тооцсон байна.
Гурав. Хөрөнгө оруулалттай холбоотой гомдол, маргаан үүссэн тохиолдолд гадаадын хөрөнгө оруулагч олон улсын арбитрт хандах эрхийг нээж, хөрөнгө оруулагчийн хөрөнгийг хууль бусаар дайчлан хураахгүй байх баталгааг төрөөс олгох зэрэг зохицуулалтыг төсөлд тусгажээ.
- Хөрөнгө оруулагчийн хөрөнгийг хамгаалах баталгааны зохицуулалтыг хуульд тусгаснаар Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх итгэл сэргэнэ гэж үзсэн байна.
Дөрөв. Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд төрөөс тухайн жилд төлөвлөгөөт хяналт шалгалтын тоог хуулиар тогтоон хязгаарлаж, хэрэгжүүлэхээр тусгажээ.
- Энэ нь хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийг дэмжих, төрийн хүнд суртлыг бууруулах, бизнесийн үйл ажиллагаанд учруулдаг шаардлагагүй дарамтыг бууруулах томоохон хөшүүрэг гэж тооцсон байна.
Тав. Хөрөнгө оруулагч нарт үзүүлэх төрийн үйлчилгээг хялбаршуулж, нэг цонхны зарчмаар хөрөнгө оруулагчдад үйлчилгээ үзүүлэхээр тусгасан байна.
- Хөрөнгө оруулагчдад үйлчилгээ үзүүлэх төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах замаар хөрөнгө оруулагчид нэг сувгаар төрийн дэмжлэг, үйлчилгээг үзүүлэх давуу тал бий болох аж. Хөрөнгө оруулагч нарт эргэлзээ үүсгэж байсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн зарим зүйл, заалтыг ойлгомжтой болгож, хуулийн давхардлыг арилгасан байна.
Сэтгэгдэл (1)