"Анх удаа эх орны хишгийг Сү.Батболдын үед иргэддээ тараасан" гэж мэдэгдэлд дурдсан "бахархал"-аас цааш өнөөдрийн ярих зүйлээр хөндөх болно.
Байгалийн баялагийн лицензийг "атгаж" байгаад төрд буцааж өгснөөрөө Сү.Батболд яах аргагүй "эх оронч" дүртэй. Түүндээ ч гойд итгэдэг хүн гэдэг нь лавтай. Гэхдээ энэ дүрийн цаана ашиг сонирхол, илүү том зүйл түүнийг хүлээж байсан нь ч тодорхой биз.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийг элгээр нь мөлхтөл хямд үнээр нүүрс зөөж, Тавантолгойн нэг хэсгийн тамирыг нь тасартал төнхсөн компани бол Чалко Трейдинг Хонконг. Ийм дархан эрхийг өгсөн нь Сү.Батболдын Засгийн газар биш гэж үү.
Гэвч тэр гавьяаг нь өөртөө нааж, гайг нь бусад руугаа түлхсээр иржээ. Тухайлбал, ард түмнийг байгалийн баялагаа хүртсэн гэж ам бардам уралдан ярьцаана. Гэвч тэд зээлсэн мөнгөө иргэдийн халаас руу цутгаж, сонгуулийн амлалтаа биелүүлсэн "баатар" болцгоож, баялагийг барьцаалсан зээлээ "зах зээлийн хүнд хэцүү рүү" чихсэн.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Хүний хөгжлийн сангийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.2.4, Засгийн газрын 2010 оны 296 дугаар тогтоолыг үндэслэн БНХАУ-ын Чалко Трейдинг Хонконг компанитай 2011 онд байгуулсан “Нүүрс нийлүүлэх худалдан авах гэрээ", 2016 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Цанхийн зүүн хэсгээс олборлосон нүүрсний 65 хувийг компанийн нэрлэсэн худалдан авагчид худалдана гэсэн хэлцлийг хийсэн. Ингэхдээ нүүрсний суурь үнийг 70.0 ам.доллароор тогтоосон байдаг.
Эх орны хишиг бол БНХАУ-ын төрийн өмчит “Чалко”-оос авсан 350 сая ам.доллар гэж бүгд ярьдаг. Харин 2011 онд байгуулсан гэрээ, гэрээний 2012 оны нэмэлт өөрчлөлтийн 2.2 болон 2014 оны нэмэлт өөрчлөлтийн 3.3-д заасны дагуу урьдчилгаа төлбөр 350.0 сая ам.доллар авахаас 348 сая ам.доллар авсан байдаг.
Цаана нь 2 сая ам.доллар ашиглагдаагүй. Атал, 350 сая ам.доллараар тооцож, гурван хувийн хүүтэй өрөө барагдуулсан гэдэг нь сонсголоор дурдагдсан. Ингээд булхай, "ул" болсон 8 жилийн төлөө Цанхийн зүүн хэсгийг зөөсөн байна.
Үнэн хэрэгтээ үүнээс болж 17 хувийн өсөлттэй байсан Эрдэнэс Тавантолгой 2015 онд "модоо барих" дээрээ тулж байсан тухай тэр үеийн албан хаагч нүүрсний сонсголоор дурдсан. Тэд "Чалко"-ийн хүссэн үнээр л нүүрсээ борлуулж, гэрээний "сул тал"-ыг Чалко бүрэн ашигласан байна.
2017 он хүртэл тамираа тасартал зүтгэсэн ЭТТ бас л Чалкогоос авсан 305.8 сая ам.долларын өрийг энэ жил барагдуулав. Байгалийн баялаг гэж өрийн гинжин хэлхээ, орших эс оршихуйн барьцаа л болж.
Ийм эхлэлийг Сү.Батболдын Засгийн газар тавьсан. Энэ бол хэний ч баллаж чадахгүй, хэний ч "эх оронч" багийг хуу татах "үнэн". Чалкогийн өврөөс гарч чадахгүй болтол дордуулсан гэрээ байсныг бүгд л хүлээн зөвшөөрсөн шүү дээ.
"Авсан хүн арван тамтай" гэгчийн үлгэрээр Монгол Улсын нүүрс тээвэрт давуу эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа “Цагаан хад-Мөнхийн их” компанийг Чалкогийн хөрөнгө оруулалттай гэдгийг хэвлэлээр илчилсэн. Зээл юм шиг харагдаж байгаа ч эцсийн дүндээ зөөх зүйл нь газар нутаг шиг харагддаг. Том зургаар харна гэдэг энэ бус уу.
ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь хэлэхдээ, "Зүүн Цанхийн уурхайгаас олборлосон нүүрсийг нэг ч килограм дутаахгүйгээр Чалкод шилжүүлэх гэрээтэй л байсан. Ийм маягаар жил гаруйн хугацаанд явсан. Чалко авах нүүрснийхээ гэрээний үнийг сар болгон тодорхойлдог байсан. 70 доллар байсан нүүрсний үнэ жилийн дараа гэхэд 20 гаруй доллар болж унасан. Цагаан хад дээр асар их алдагдал хүлээдэг, байгаль орчин асар их бохирддог, нүүрсний хорогдол гардаг, хятадын хэдэн компаниуд л ашиг хийдэг юм. Цагаан хадыг хаах нь зүйтэй гэж боддог. Бидэнд үнэ зохиох зүйл байхгүй Чалкогийн дагуу л явсан, тэр нь хятадын зах зээлийн индексийн дагуу явдаг хатуу үнэ байсан" гэж байлаа.
М.Дэвээ
Сэтгэгдэл (5)