УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Шинжлэх ухаан, технологийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, монгол эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар санал солилцжээ.
Тус байгууллагаас өнгөрсөн 30 жилийн хугацаанд 4600 орчим эрдэм шинжилгээний бүтээлийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж гаргасан байна. Сүүлийн 10 жилд монгол эрдэмтдийн гадаадад хэвлүүлж буй бүтээлийн тоо 5.1 дахин өсөж, Азидаа эхний 20 улсын эгнээнд орсон ч эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил удаашралтай, дэмжлэг хэрэгтэй байгааг хэлж байлаа.
Тиймээс УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо энэ асуудалд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллана гэлээ. УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга Э.Батшугар:
“Шинжлэх ухаан, технологи, инновацын салбар нь аливаа улсын хөгжлийн тулгуур, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг байх ёстой. Бид нэн тэргүүнд,
- Эрдэм шинжилгээний ажлуудын үр дүнг практикт нэвтрүүлж, өрсөлдөх чадвартай, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжихэд хувийн хэвшлийг уриалах, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах,
- Технологи, инновацын салбарын гарааны бизнесийг дэмжих,
- Улсын төсвийн санхүүжилтээр хийгдсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдэд оюуны өмчийн үнэлгээ хийлгэх чиглэлээр бодлогын дэмжлэг үзүүлж ажиллана” гэв.