"Тусгаар тогтнол, Үндэсний баялгийн сангийн тухай" анхдагч хуулийн төслийг АН-аас УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, А.Адъяасүрэн, Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Б.Бейсен, Д.Ганбат, Н.Ганибал, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Ц.Туваан, С.Ганбаатар нар өргөн мэдүүлсэн билээ. Тухайн хуулийн төслийн онцлох таван заалтыг хүргэж байна.
Хуулийн зорилгыг "Эрдэс баялгийн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн урт хугацааны тогтвортой хөгжлийг тэтгэсэн эдийн засгийн бүтцийг бий болгох, үр өгөөжийг нь одоо ба ирээдүйн иргэддээ тэгш, шударга хүртээх зорилго бүхий Тусгаар тогтнол Үндэсний баялгийн сан /цаашид “Баялгийн сан” гэнэ/-г байгуулах, хөрөнгө төвлөрүүлэх, Баялгийн сангийн хөрөнгийг удирдах, зарцуулах, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино" хэмээн тодорхойлжээ.
Баялгийн сан нь газрын хэвлийн баялгаас үүдэлтэй орлогыг урт хугацаанд тогтвортой үр ашигтай удирдах, хөрөнгө оруулалтын өгөөжийг өнөө ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилго бүхий дараах бүрэлдэхүүн сангуудтай байна гэж заажээ.
-Төсвийн тогтворжуулалтын сан
-Ирээдүйн өв сан
-Хүртээмжтэй хөгжлийн сан
- 9.3. 2050 он хүртэл хугацаанд Ирээдүйн өв сангийн хөрөнгө оруулалтын цэвэр орлогыг Тэтгэврийн нөөц санд бүрдүүлж дахин хөрөнгө оруулах замаар Тэтгэврийн даатгалын сан дахь шимтгэл төлөгч иргэдийн нэрийн дансыг мөнгөжүүлэх зорилгоор "Ирээдүйн өв сан"-аас хөрөнгө зарцуулж болно.
- 9.4.1. Тус сангийн орлогын 50 хувийг жил бүр Монгол Улсын, иргэний харьяаллын зөрчилгүй иргэн бүрд үндэсний баялгийн үр өгөөжийг олгож, өрхийн санхүүгийн чадавхыг дэмжихэд "Хүртээмжтэй хөгжлийн сан"-аас хөрөнгө зарцуулж болно.
- 9.7. Иргэн нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан тохиолдолд үндэсний баялгийн үр өгөөжийг хүртэх эрх дуусгавар болно.
-
9.8. Иргэн энэ хуульд заасан үр өгөөжийг тухайн жилдээ багтаан аваагүй бол дараагийн жилд нэмэгдүүлэн олгох бөгөөд энэ тохиолдолд хүү тооцохгүй, тухайн жилд ногдох үндсэн өгөөжийг хүртэнэ.
-
9.2. Тогтворжуулалтын сангийн хөрөнгөөс доор дурдсан санхүүжилт хийх зориулалтаар улсын төсөвт шилжүүлж болно.
9.2.1. урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурч төсвийн алдагдал баталсан Дотоодын нийт бүтээгдэхүүний дөрвөн хувиар нэмэгдэж, буурсан тохиолдолд зөвхөн тэнцвэржүүлсэн үнэ болон зах зээлийн үнийн зөрүүгээс үүссэн төсвийн орлогын тасалдлыг;
9.2.2. төсвийн гол нэр төрлийн эрдэс баялгийн зах зээлийн үнэ төсөвт туссан тэнцвэржүүлсэн үнээс буурсан болон гол нэр төрлийн эрдэс баялгийн экспортын биет хэмжээ төсөвт туссан биет хэмжээнээс 20 хувиар буурсан тохиолдолд зөвхөн тэнцвэржүүлсэн үнэ болон зах зээлийн үнийн зөрүүгээс үүссэн төсвийн орлогын тасалдлыг;
9.2.3. гамшгийн аюулын хор уршиг, онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгахад төсвөөс нэмж шаардагдах санхүүжилтийн тухайн жилийн Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувиас давсан хэсгийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн санхүүжүүлэх;
ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ЭНД ДАРЖ УНШИНА УУ.
М.Жаргал