АНЭУ-ын Дубай хотноо болж байгаа Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын 28 дугаар бага хуралд оролцож байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндуламаас манай улс Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хуралд ямар байр суурьтай оролцож байгааг тодрууллаа.
Тэрбээр “Гарз, хохирлын санд одоогийн байдлаар таван улс нэгдэж, 500 орчим сая долларын хөрөнгийг босгоод байна. Энэ сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт нөлөөллөөс хамааралтай байгаа улс орнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор хөрөнгө босгосон. Конвенцын хурлын хүрээнд буюу 12 өдрийн хугацаанд энэ тоо нэмэгдэх магадлалтай. COP-28-д хөгжиж буй улс орнуудын төлөөлөгчид санал бодлоо хуваалцаж байна. Хамгийн их уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бий болгож буй улс орнуудын хувьд нэг улс 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх нь бодит байдалд нийцэхгүй байна гэх шүүмжлэлтэй асуудал яригдаж байна.
СОР-28 бол бидний сүүлийн үеийн ахиц дэвшлийг дүгнэх хурал болно хэмээн улс орнуудын төлөөлөгчид санал бодлоо илэрхийлж буй. Өндөр төвшний төлөөлөгч нарын хувьд амлалтаа ахиулна гэхээсээ илүү хэрэгжилтдээ анхаарч байгаа нь энэ удаагийн хурлын онцлог болж байна.
Өмнөх хурлуудаар томоохон санаачилгууд гаргаж, амлалт өгдөг байсан бол энэ удаа амлалтуудаа яаж биелүүлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна. Энэ удаагийн хурлаар хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг сэдвүүд анхаарлын төвд байна. Арванхоёрдугаар сарын 2-ны өдөр буюу маргааш газрын доройтол, цөлжилтийн асуудлаар Их-20-ийн хүрээнд платформ бий болж байгаа. Тухайлбал, аливаа улс орон цөлжилт, газрын доройтлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй тохиолдолд Их-20-ийн оруулж буй хувь нэмрийн тодорхой квотыг энэ платформ руу зарцуулах санхүүжилтийн механизмыг бий болгож байгаа гэсэн үг. Нөгөө талаасаа сайн туршлагуудын хооронд нь солилцуулах механизмыг бий болгож байна. Үүнд Монгол Улс нэгдсэн. Цөлжилтийн эсрэг хурал хоёр жил тутамд болдог бөгөөд манай улс энэ хурлыг 2026 онд хүлээн авч, зохион байгуулна. Бид тус хурлын бэлтгэл ажлын асуудлыг ярихаас гадна тухайн хурлуудын бодлого, үйл ажиллагаа, хөтөлбөр юу рүү чиглэгдэх вэ гэдэг дээр 2024 онд тус хурлыг хүлээн авч байгаа Саудын Арабтай хамтын ажиллагаагаа өргөжүүлээд явж байна” гэв.