Анхлан хотын дарга асан Э.Бат-Үүлийн үед буюу 2013 онд "нийтийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөр"-ийг баталж, үүнийг дагуулан "Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан"-г байгуулж байжээ.
Тухайн сан нь иргэдэд стандартын шаардлага хангасан шинэ нийтийн тээврээр үйлчлэх зорилготойгоор оршиж байв. Харин сангийн хөрөнгийг орон нутгийн төсвөөс санг үүсгэн байгуулахад зориулан олгосон санхүүгийн дэмжлэг, гадаад орон, олон улсын байгууллага, буцалтгүй тусламж, дэмжлэг хандив, нийтийн тээврийн парк шинэчлэлт хийсэн ААН-ээс эргэн төлөгдөх төлбөр, хуулиар зөвшөөрөгдсөн бусад эх үүсвэрээс бүрдүүлнэ хэмээн журамд нь заасан байна.
Өдгөө нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ба түүний багийнхан гэр хорооллыг орон сууцуццлах болон түгжрэлийг бууруулах зорилгоор эрхзүйн орчныг бий болгохын тулд анхдагч хуулийн төслийг өргөн барьж, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэн Байнгын хороо руу шилжсэн.
"Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" хуулийн 10.6-д Нийслэл хот нь нийтийн тээврийг хөгжүүлэх сантай байна хэмээн тусгажээ. Уг сангийн хөрөнгийг хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх зэрэгт зарцуулна хэмээжээ. Мөн тухайн сангийн дүрэм, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журмыг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар батална.
Тэрбээр хотын даргын тамгаа гардахдаа "давс мэт шорвог" шийдвэр гаргана гэж байсан билээ. Эл шорвог шийдвэрийнх нь нэг бол "төлбөртэй бүс" гэж олон нэрийдэх боллоо. Тэгвэл иргэдээс авах мөнгө, татаасууд, худалдан авалтын орлого хаашаа орох вэ?
Тус хуулийн 13.5-д Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ гэж заасан байна. Үүнд:
- 13.5.1.чиглэлийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулсны орлого;
- 13.5.2.замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөр;
- 13.5.3.Автотээврийн тухай хуулийн 171.5-д заасан хязгаарт багтаан шинээр олгох автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар худалдан борлуулсны орлого;
- 13.5.4.чиглэлийн тээврийн хэрэгслийн авто зогсоол дахь барилга байгууламжийг хүн, хуулийн этгээдэд төлбөртэй ашиглуулсны орлого;
- 13.5.5.нийтийн тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл, бүртгэлийн орлого;
- 13.5.6.нийтийн тээврийг хөгжүүлэхэд чиглэсэн хуулиар хориглоогүй хандив, тусламж, бусад
Ийнхүү санг санхүүжүүлж, нийтийн тээврийг үе шаттайгаар хөгжүүлэн шинэчлэх нь. Чухам өргөн барьсан хууль батлагдах эс батлагдах нь цаг хугацааны асуудал. Гэхдээ Засгийн газар шинэ хотын даргаа "тултал" дэмжиж ажиллахаа илэрхийлсэн тул батлах магадлал өндөр билээ.
М.Дэвээжаргал