Азийн пара наадмын усанд сэлэлтийн төрөлд өрсөлдсөн анхны монгол тамирчин Х.Номуунтай ярилцлаа. Тэрбээр БНХАУ-ын Ханжоу хотноо болж буй Азийн зуны спортын наадмын усанд сэлэлтийн тэмцээнд Монголын тамирчин Х.Номуун оролцож, чөлөөт сэлэлтийн 400 метрийн зайг 7:13 минутанд туулснаар зургадугаар байрт орсон юм. Х.Номуун дээрх үзүүлэлтээр улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бөгөөд тус наадамд оролцож буй Монголын багийн хамгийн залуу тамирчин билээ.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Азийн наадмын тэмцээнээс яриагаа эхэлье. Азийн наадамд оролцох эрхээ эрт авсан шүү дээ. Энэ хугацаанд бэлтгэл сургуулилтаа хэрхэн хангасан бэ?
-Тэмцээнд оролцох эрхээ тавдугаар сард Сингапурт болсон тэмцээнд оролцож авсан. Тус тэмцээнд анх 400 метрт сэлсэн. Тэгэхэд 7 минут 37 сек 50 долиор оролцсон. Харин Азийн наадмын тэмцээнд 7 минут 13 сек 35 доль болж өмнөх амжилтаа ахиулсан. Пара олимпын ранкыг харахад би Азидаа гуравт жагсаж байгаа. Үүнийг хараад би тийм ч муу биш юм байна. Тиймээс Азийн наадамд зөвхөн Азиуд оролцож байгаа болохоор айх зүйлгүй гээд хэсэг тайвширсан. Гэхдээ бэлтгэлээ сайн базаасан.
-Азийн наадмаас өмнө ДАШТ-д оролцсон шүү дээ. ДАШТ-д оролцсон үеэ дурсахгүй юу?
-ДАШТ хамгийн том тэмцээн шиг санагдсан. Тийм дээ ч дараа дараагийн тэмцээнд айгаад байх шаардлага байхгүй гэж тухайн үед бодсон. Азийн наадам болох дөхөх тусам том тэмцээн гэдгийг телевизээр харсан. Ялангуяа жирийн хүмүүсийн тэмцээнийг харах болгонд маш том тэмцээн гэдэг нь мэдрэгдэж байлаа. Тэмцээн болох хугацаа ойртох тусам шантарч эхэлсэн. Гэхдээ өмнө нь хамт уралдаж байсан тамирчид оролцох болохоор сүрдээгүй.
-Дэлхийн замд уралдах, Азийн замд уралдах ялгаа, онцлог нь юу байсан вэ?
-Украйн улсын миний ангиллын нэг охин Дэлхийн рекордыг эзэмшдэг. Яг түүн шиг мундаг хүмүүс зөндөө бий. Харин Азиуд дотроо БНХАУ-ын тамирчид маш мундаг гэдгийг энэхүү тэмцээнээс харсан. Миний ангиллын хүмүүс гараанаас гарахдаа үсэрч ордог. Үсэрч орохдоо эхлэлээ маш хурдан эхлүүлчихдэг юм билээ. Миний хувьд Монголд стандартын дагуу баригдсан бассейн болон тавцан байхгүй болохоор үсрэлтээ давтаж чадаагүй. Тиймээс үсрэх биш доороос эхэлж байгаа учир туршлагагүйтсэн.
-Азийн наадмын нээлтийн ёслолоос танд ямар мэдрэмж, сэтгэгдэл үлдсэн бэ?
-Азийн наадамд явсан найзуудынхаа фейсбүүкээс харахад нээлт болох заал маш том харагдсан. Гэрэл, заал дүүрэн үзэгчид гээд маш сайхан санагдсан. Нээлт болох гээд заал руу орох мөч өөр ертөнц рүү ороод ирсэн юм шиг л мэдрэмж авсан.
-Энэ удаагийн тэмцээнд дасгалжуулагчгүй оролцсон шүү дээ. Ганцаараа бэлтгэлээ хэрхэн хангасан бэ?
-Дасгалжуулагч н.Мөнхбаяр багш маань хол байгаа. Тийм болохоор багш надад системчилсэн бэлтгэл өгсөн. Ихэвчлэн өөрөө бэлтгэлээ хийсэн дээ.
-16 настай хүүхэд Азийн наадамд оролцсон тохиолдол Монголд цөөн болов уу. Тэр дундаа усан сэлэлтийн анхны пара тамирчин хэмээн түүхэнд үлдэж байна шүү дээ.
-Усанд сэлэлт бол маш хэцүү спорт. Сэтгэлээр унах үе зөндөө байдаг.
Харин энэ хүртэл тэмцээн уралдаан амжилттай оролцуулж байгаа сэтгэл зүй бол Монгол Улсын усан сэлэлтийн анхны эмэгтэй пара тамирчин гэдэг минь. Үүгээрээ би маш их бахархдаг.
Тиймээс над шиг тэргэнцэртэй гэртээ байдаг хүүхдүүдэд урам болсон байх гэж боддог.
-Бэлтгэл сургуулилтаа хийхэд хүндэлтэй, сэтгэл зовоосон зүйл юу байдаг вэ?
-Монголын тэргэнцэртэй иргэд ажил төрөл олоход хэцүү, их сургуульд оръё гэхэд тэргэнцэртэй явах, гадуур явах хүртэл хэцүү байдаг.
Монголд тэргэнцэртэй иргэн байх маш жижигхэн санагддаг. Хэн ч биднийг тоохгүй юм шиг. Бахархах зүйл байхгүй гэсэн өнцгөөс биднийг хардаг. Харин Пара спортоор хичээллээд эхлэхээр хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн бусад хүмүүстэй л адилхан гэдэг мэдрэмжийг мэдэрсэн.
Азийн наадам болсон Ханжоу хотод байшин барилга гээд бүх зүйл нь тэргэнцэртэй иргэдэд зориулагдсан байсан. Автобус руу ороход ямар ч саадгүй орох боломжтой.
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн наадам гээд хоёр том цонх нээчихлээ. Үүний цаана маш том хаалга хүлээж байгаа шүү дээ. Пара Олимпод оролцох уу?
--Хэдхэн сарын өмнө Пара олимпод оролцож үзэх юмсан гэж мөрөөдөж байсан. Харин одоо тэр мөрөөдөлдөө хүрээд, энэ замыг туулаад явж байгаа нь гоё санагдаж байна. Би анх олон улсын тэмцээнүүдэд оролцож эхлэхдээ хүмүүст үнэлэгдсэн сайн тамирчин болно гэж бодоогүй. Одоогоор дэлхийн стандартын гурван том тэмцээнд оролцсон байна. Ингэхдээ шилдэг зургаан тамирчны нэг болсон. Энэ бол надад маш их бахархалтай зүйл.
Энэ спортоос цорын ганц тамирчин учир Пара Олимпод оролцох эрх олон бий. Өөр зүйлд сатаарахгүйгээр бэлтгэлээ хийгээд явахад болох байх гэж бодож байна.
-16 насандаа Монгол Улсаа төлөөлөөд томоохон тэмцээнүүдэд оролцох ямар санагдаж байна вэ? Их хариуцлага шүү дээ.
-Би 2015 оноос усан спортоор хичээллэсэн. Арван сартайдаа нуруу нугасны хавдартай гэж оношлогдсон. Хоёр настайдаа хагалгаанд ороод, Тайланд улсад эмчилгээ хийлгэсэн. Мөн тэр эмчилгээнүүд дунд усан эмчилгээ байдаг. Тайландын бүх байр бассейнтэй. Тэгээд л ээж бид хоёр сэлэх гэж ордог байлаа. Анх усанд орохдоо хоёр гартаа, биедээ хөвөгчтэй сэлдэг байлаа. Нэг өдөр ээж бид хоёр шумбаж үзсэн юм. Тэр өдрөөс хойш шумбасаар байгаад шумбаж сурсан. Тэгээд л 2015 онд Монголдоо ирсэн. Ирээд усан сэлэлтийн клубт ормоор санагдаад Тамираа багшийнхаа шавь болж, энэ спортоор хичээллэх эхлэл тавигдсан даа. Пара усан сэлэлт гэж Монголд байдаггүй болохоор жирийн хүүхдүүдтэй бэлтгэл хийдэг байсан. Хэчнээн тэд эрүүл хүүхдүүд ч гэсэн надад хань болж, надтай хамт байдаг байсан. Харин энэ жилээс том тэмцээнүүдэд ганцаараа оролцоход ганцаардсан. Дотроо бодох зүйл их байсан ч тэрхүү бодлоо ярих хүн байхгүй ганцаардмаар байсан.
-Танаас урам авч, спортоор хичээллэх сонирхолтой хүмүүс олон бий байх. Тэдгээр хүмүүс хандаж юу гэж хэлмээр байна вэ?
-Монголд жирийн хүүхдүүдэд хүртэл боломж бага байдаг. Тиймээс зөвхөн Монгол Улсдаа гэхгүйгээр томоор сэтгэж, гаднын улс орнуудад тэргэнцэртэй хүмүүс амьдрах орчин хаа саагүй байдаг. Мөрөөдөл хүсэлтэй л байвал тийшээ яаж ийж байгаад л хүрнэ. Тийм болохоор мөрөөдөл, хүслээр дүүрэн байгаарай гэж хэлэхийг хүсэж байна.
Мөн Намайг хамгийн ихээр дэмждэг аав, ээж, эгч гуравтаа талархаж явдаг. Усанд сэлэлтийн спортод дурлаж эхэлсэн шалтгаан бол усан сэлэлтийн клубийн хамт олон минь. Тиймээс клубийн хамт олондоо, Орчлон сургуулийнхандаа баярлалаа гэж хэлье.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)