Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Өмнөговь аймаг дахь уул уурхайн компаниудын кемпэд олон хүнийг хамарсан хоолны хордлого хэд хэдэн удаа гарсан. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт хариуцсан дэд захирал Э.Одмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр, ХӨСҮТ-д 3-р сарын 13-ноос эхлэн хоолны хордлогот халдварын талаарх мэдээллийг ирүүлсэн. Өмнөговь аймагт хордлого гарснаас хойш буюу дөрөвдүгээр сарын 10-нд эмнэлзүй болон тандалт хийж, хариу арга хэмжээ авах мэргэжлийн баг томилон ажиллуулснаар шинжилгээ хийж зарим дүгнэлтүүдийг гаргаж эхлээд байна.
Өмнөговь аймаг дахь уул уурхайн компаниудад 3-р сарын 17-ноос хойш нийт гурван том дэгдэлт уул уурхайн компаниудад гарсан. Хоолны хордлогот халдварт 3-р сарын 17-нд 548, 4-р сарын 13-нд 970, 4-р сарын 6-нд 802 хүн өртсөн. Өртсөн хүмүүсийн 78 хувийг асуумж судалгаанд хамруулсан. Хордлогод өртсөн хүмүүсийн 15-33 хувьд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн.
Халдварт өртсөн хүмүүсийн 74 хувийг шинжилгээнд хамруулж, 46 хувь нь халдвар авсан нь батлагдсан. Нийт шинжилгээний 29 тохиолдолд сальмонеллын нян илэрсэн.
ХӨСҮТ-д 3-р сарын 17-ны дэгдэлтээс 70, 4-р сарын 6-ныхд 119, 4-р сарын 13-ны дэгдэлтээс 117 хүн ХӨСҮТ-д ирж хэвтэн эмчлүүлсэн. Ихэвчлэн 20-30 насныхан халдварт өртсөн. Гэдэс базалж өвдөх, халуурах, толгой өвдөх шинж тэмдэг илэрсэн. Хүндэрсэн 2 тохиолдол байна.
ХӨСҮТ-ийн мэргэжлийн багаас Гал тогоо болон угаалын өрөөг ариутгах, агуулах зэргийг батлагдсан хуваарийн дагуу тогтмол ариутгах, гал тогооны ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах, хоол үйлдвэрлэлд оролцож буй бүх хүнийг гар угаах нөхцөлөөр хангах зэрэг зөвлөмж өгсөн гэв.
Сүүлд Хэнтий аймгийн Норовлин суманд 128 хүнийг хамарсан хоолны хордлого 2025 оны дөрөвдүгээр сарын 19-нд бүртгэгдсэн. Голомтод тандалт судалгаа хийж, 59 хүнд шинж тэмдэг илэрснээс найман хүнийг хүндэвтэр гэж үзэн сумын эмнэлэгт эмчилж байна. Хордлогод өртсөн иргэдээс нян судлалын шинжилгээг лабораторид хүргүүлсэн байна. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна. Голомтод Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар ажиллаж байна.