Тод бичиг үүссэний 375 жилийн ойд зориулсан ойрад-монгол уран бичлэгийн "Заясн бичг" олон улсын үзэсгэлэн ОХУ-ын бүрэлдэхүүн дэх Бүгд Найрамдах Халимаг Улсын нийслэл хотод нээгдлээ. Ерөнхийлөгчийн соёлын санаачилгын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй уг үзэсгэлэнд Монгол, Хятад, Оросын бүс нутгуудын уран бичээчдийн 60 орчим бүтээлийг дэлгэжээ.
“Жил бүрийн есдүгээр сарын 5-нд Халимагт Үндэсний бичиг үсгийн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил “тод бичиг”-ийг зохиосны 375 жилийн ой тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан ойрад-монголын уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг зохион байгуулдаг бөгөөд 2017 оноос хойш дөрөв дэх удаагаа болж байна. Бүгд Найрамдах Халимаг Улсын Н.Н.Палмовын нэрэмжит Үндэсний музейд Орос, Хятад, Монголын уран бичээчдийн 60 орчим бүтээлийг анх удаа дэлгэж байна” гэж "Монгол найз нөхдийн нийгэмлэг" хэмээх бүс нутгийн олон нийтийн байгууллагын дарга, Орос түмний Ассамблейн Халимаг дахь салбарын тэргүүн, хэл шинжлэлийн ухааны доктор Евгений Бембеев хэлэв.
10 дугаар сарын 5-ныг хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнд Монгол Улсын “Соёл бичиг” уран бичлэгийн төв, БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан-Уйгурын өөртөө засах орон, Буриад, Өвөр Байгалын хязгаар, Эрхүү муж, Санкт-Петербург хотын уран бичээчид тод бичиг, худам монгол бичгээр туурвисан бүтээлүүдээ толилуулж байгаа ажээ. Түүнчлэн үзэсгэлэнгийн хүрээнд хэл соёлоо хадгалан хамгаалах, уран бичлэгийн мастер төрөл зэрэг сэдвүүдээр дугуй ширээний ярилцлага, хэвлэлийн бага хурал боллоо.
Тод бичигийг Ойрадын соён гэгээрүүлэгч Зая Бандида Намхайжамц 1948 онд зохиосон байдаг. Уг бичиг нь монгол бичгийг жинхэнэ аялгатай нь ойртуулсан, ойрад аялгуунд нийцүүлсэн монгол бичгийн ижил үсгийг тус тус ялгах, урт эгшгийг уртатгалын тэмдгээр тэмдэглэх гэх мэт нэмэлт тодолт хийж, мөн Төвөд ба Санскрит хэлний үгсийг хялбар байдлаар бичдэг онцлогтой юм. Тод бичгээр “Гэсэр”, “Жангар” баатарлаг туульсын олон бүлэг, эртний Энэтхэгийн “Рамаяна”-гийн ойрад (халимаг) хувилбарууд, “Панчатантра” энэтхэг үлгэрийн түүвэр, Буддын шашны каноник нэвтэрхий толь “Ганжуур”, “ Данжуур” зэрэг Төв Азийн ард түмний аман ба бичгийн зохиолын олон дурсгалыг туурвисан байдаг.