Дэлхий дахинаа түгшүүрийн дохио хангинасан цар тахлын үед одоогийн Ерөнхийлөгчийн тэргүүлж асан Засгийн газар огцорч, эдийн засаг хийгээд нийгэм-улс төрийн хүндхэн уур амьсгалтай үед Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ гүйцэтгэх засаглалын жолоог атгах үүрэг хариуцлагыг хүлээж авсан нь 2021 он байв. Манай улсын иргэд 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаанд долоон удаа тогтоосон хатуу хөл хорионд хоног өдрүүдийг өнгөрөөсөн төдийгүй, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг улс орон даяар зарласан тийм л цаг хугацаа байлаа. Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд хэмээгдэн Л.Оюун-Эрдэнэ албан тушаалаа хүлээж авснаас хойш өнөөдөр дөрөв дэх жилтэйгээ нүүр учирч байна.
Үүд хаалгаа барьсан улс орон, сургууль цэцэрлэг, экспорт, ачаа тээврийн салбар, бизнес, хүн зоны байр байдлыг одоо ч цөмөөр санаж байгаа биз ээ. Уй гашуутай, бараан өдрүүдийн ар дээр хүн төрөлхтний ч тэр, эдийн засгийн ч тэр нуруу арайхийн тэнийж, цар тахлын нөлөөг даван туулах процесс өдгөөд үргэлжилсэн хэвээр. Хөгжил, шинэчлэлийн асуудал цоо шинэхэн алхам мэт яригдаж, оршин буй бидний ертөнцөд олон зүйл хувьсан өөрчлөгдсөөр буй.
Монголын ард түмэн ардчилсан сонголт хийж, төлөөллөө төрд илгээдэг болсноос хойшхи хамгийн тогтвортой нь Л.Оюун-Эрдэнийн удирдсан Засгийн газар болж байна. Засгийн газрын тэргүүн бээр улсын хөгжлийг "Алсаа хараа-2050" хэмээн хараачилж, авилгын эсрэг хөдөлгөөн өрнүүлж, эдийн засгаа тэвхийлгэж, "Азийн хүлэг улс" болгоно гэсэн дээд түвшний тэмүүлэлтэй улс төрд орж ирээд дөрвөн жил болж. Тэр цар тахлын үед хүртэл дархлаажуулалтад ард түмнээ уриалан өмнө нь гаран итгэл өгч байлаа. Тэгээд л одоо дөрвөн жил...
Энэ хооронд монголчууд 126 гишүүнтэй парламентыг өлгийдөж, тэнд нийгмийн бүх төлөөллийг оруулав. Энэ хооронд салбар салбарт шинэ сорилт тулгарч, Оюу Толгойн гүний уурхайн үйл ажиллагаа эхэлж, нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээгээ эвдэв. Энэ хооронд Хөгжлийн банк, нүүрсний хулгайн сэдвүүд нийгмийг донсолгож, олны хараанд өртөж, ил тод хийгээд иргэдэд ойр төрийг бий болгох ажил шуударсан юм. Энэ хооронд Монгол Ардын нам, Ардчилсан нам, Хүн нам гар барилцаад Хамтарсан Засгийн газар байгуулан шинэчлэлийн замыг засна хэмээв. Энэ хооронд Монгол Улсыг бүсчилэн хөгжүүлэхээр шулуудаж, боомтын түгжээг тайлах ажлууд өрнөлөө. Энэ хооронд манай орны гадаад харилцаа далайг нэгэнт гаталлаа. Нэг талаар тогтолцооны суурийг засахаар, алдаа байвал залруулж, оноо байвал хөтлөн урагшлахаар гараанаасаа гарч гэж ойлгогдохоор юм.
Өнөөдөр 14 мега төсөл хэмээх үгийг мартахааргүй болтлоо сонсож байна. Өдгөөгийн монголын жинхэнэ төрх ямар вэ? гэвэл харанхуйгаар жишигдэж ч мэднэ. Эрчим хүчний хувьд нярай мэт дархлаа султай улсаас өсөн торниж, импортлогчоос экспортлогч болно хэмээх дээд түвшний тэмүүлэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед эрчимтэй хөдөлгөөнд орсныг Эрдэнэбүрэнийн цахилгаан станц, Эгийн голын цахилгаан станц зэрэг төслөөс мэдэрч болохоор болов. Шинэчлэл хэмээгч нь үйлдэл болохоос нааш ирдэггүй гашуун үнэнтэй эвлэрч зориглосон жилүүд ийнхүү эхэлж байгаа хэрэг. Жишээ татваас 28 жил гацсан ураны гэрээг үзэглэж, шинэ замыг гаргасан нь өнөө гэхээс илүүтэй хожмын "цаг хугацаа хэлэх" үйл хэрэг болов. Цариг зөрж гацсан төмөр замаар эдийн засгийн тасралтгүй урсгал хөврөх байсан гэх олон жилийн харамсалд цэг тавьж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эхлэх боллоо.
Дөрвөн жилийн хугацаанд олон хөгжлийн хүлгийг замд нь гаргасныг үүгээр нотлох гэсэнгүй, ямартай ч өдгөө монголын ард түмний дийлэнх нь амьдардаг Улаанбаатар хотын асуудалд Засгийн газар төвлөрч ажиллахаар болсон. Өөрчлөлт нь тод томруун мэдрэгдэх боломжтой цэг бол энэ. Цаашид Монгол Улс хиймэл оюун ухаан, өндөр технологийн шилжилт, ногоон хөгжил, хүн рүүгээ чиглэсэн шилжилтийг хийхээр онцгойлон төлөвлөж байна.
Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гүйцэтгэх засаглалын үүргийг гүн ухамсарлаж, зарим үед сэрүүлэг шиг, зарим үед шүгэл шиг, зарим үед шинэ зам шиг, зарим цагт танил нэгэн шиг ажиллаж байгааг үг бус үр дүн харуулахын учир чухам үнэнийг он жилүүдийн дараах үйл явдалд үлдээх нь зүйд нийцэх биз ээ.
М.Жаргал