Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмаас хойш барилдаан тасрахгүй шахам найман сар гаргалаа. Энд тэндэхийн наадмуудад аварга цолтой бөхчүүд хэрхэн барилдсаныг хүргэж байна. Барилдах боломжтой найман аваргаас долоо нь аймаг, сумдын наадмуудад эр бярыг үзжээ.
ДАРХАН АВАРГУУД ТАВЫН ДАВААНД ЦОЛОО ДУУДУУЛАВ
Төв аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадамд дархан аварга А.Сүхбат дөрөв давсан бол Архангай аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадамд дархан аварга Г.Өсөхбаяр тав давжээ. Шинэ зууны дархан аваргууд хоёул гурав болон тавын даваанд цолоо дуудуулсан байна.
ДАЯН АВАРГА ДОРНОГОВЬД ТҮРҮҮЛЖ, НАЛАЙХАД ҮЗҮҮРЛЭВ
Улсын баяр наадмын сүүлийн таван жилд нь найм болон түүнээс дээш даваанд босч барилдсан даян аварга Н.Батсуурь энэ зун муугүй наадлаа. Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд түрүүлж, Төмөр замчдын баяр наадамд үзүүрлэв. Говь-Алтай аймгийн түүхт 100 жилийн ойн наадмын дөрвийн даваанд унасан.
ДАРХАН СУМАНД ТҮРҮҮЛЖ, ХЭНТИЙ, ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ШӨВГӨРЛӨӨ
Энэ жил дөрвийн нугараанд унаснаас биш бэлтгэлээ тун чамбай базаасан аварга П.Бүрэнтөгс Хэнтий аймгийн Дархан сумын 100 жилийн ойд түрүүлж, Хэнтий аймгийн түүхт 100 жилийн ойд их шөвөгт шалгарсан. Дараа нь Говь-Алтай аймгийн түүхт 100 жилийн ойн наадамд дунд шөвөгт шалгарснаас өөр барилдаанд гараагүй. “Бүрэн Монгол” төслийн хүрээнд орон нутагт хэрэгжүүлж буй их ажлын ард амжилттай гарсаныг дуулгая.Бөхчүүд барилдахаас гадна нийгмийн сайн сайхны төлөө бие сэтгэлээ зориулах ёстойг гагцхүү тэр үлгэрлэж байна.
УЛСЫН НААДАМД Ч УУГУУЛ НУТАГТАА Ч БАРИЛДСАНГҮЙ
Ч.Санжаадамба аварга энэ жилийн Цагаан сарын барилдаанд гурав давсанаас хойш ахин зодоглоогүй юм. Энэ жилийн наадамд барилдах болов уу гэж олон хүн харсан. Тэр аймгийнхаа тэгш ойн наадам байтугай төрж өссөн сумынхаа тэгш ойн баярт хүртэл ноцолдоогүй юм.
ГУРВЫН ДАВААНД ЦОЛОО ДУУЛАВ
Улсын баяр наадмын тавын даваанд 2016 оноос хойш цолоо тасралтгүй дуудуулсан аварга Г.Эрхэмбаяр өнөө жил дөрвийн даваанд танхим өгсөнөөр начин цолтон төрүүлж чадаагүй. Тэрбээр Улсын наадмаас хойш ганцхан удаа барилдсан нь уугуул нутаг болох Завхан аймгийн түүхт 100 жилийн ойн наадам байв. Тэр энэ наадмын гурвын даваанд цолоо дуудуулан аймгийн арслан Д.Батжаргалд өвдөг шорооджээ. Наадмаас хойш аварга цолтой долоон бөх аймаг, суманд барилдахад ердөө хоёр давсан бөх түүнээс өөр байсангүй.
ЦАГААНХАЙРХАНЫ НААДАМД ТҮҮРТЭХГҮЙ ТҮРҮҮЛЭВ
Энэ жилийн наадамд дээгүүр харах бөх гэвэл Бор аварга С.Мөнхбат байв. Гэвч тэр тавын даваанд өөрийн анхны шавь Д.Тогтохжаргалыг цолонд хүргэлээ. Тун өнгөтэй байлаа ч “Бор аварга” шавийгаа хоёр дахь удаагаа тавын даваанд цойлон гараад ирэхэд нь авахаас өөр яах билээ. Наадмаас хойш Цагаанхайрхан сумын түүхт 100 жилийн ойн наадамд түүртэхгүй түрүүлсэн. Үүнээс өөр барилдаан түүнд үгүй.
БАРИЛДСАН БАРИЛДААН БОЛГОНДОО ТҮРҮҮЛЭВ
25 дахь аварга О.Хангай Улсын баяр наадамд түрүүлэх бөхийн таамагт их дээгүүр яригдаж байлаа. Түрүүлэх бөхтэй их шөвөгт аргагүй тунасан болохоос бэлтгэл нь тун сайн таарсан байв. Бэлтгэл сайн байгаагаа ч энэ зун хэдэнтээ харууллаа. Хэнтий болон Говь-Алтай аймгийн түүхт 100 жил, Манхан сумын 100 жил, Алтан-Овооны тахилга наадамд түрүүлсэн. Наадмаас хойш тасралтгүй дөрөв түрүүлсэн түүн шиг бөх цөөн.
А.Болд