Өнөө жил бороо хур ихтэйгээс гадна тэгш ойн наадам, түүнийгээ дагаад бөхийн барилдаан элбэг болов. Наадмуудаас хамгийн их хэл ам таталсан нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, аймгийн начин М.Балжиннямын өрсөлдөгч бөхдөө ёс зүйгүй авирласан бичлэг онцгой байлаа. Холбооноос тэр бөхийн барилдах эрхийг гурван жилээр хасахаар болоход бухимдсан хүмүүс нэг намжсан юм. МҮБХ-ноос түүнд хүрсэн шийтгэл хатуу гэхээс лав багадаагүй.
Холбооны зүгээс түүнд арга хэмжээг шуурхай авсан бол Хэнтий аймгийн түүхт 100 жилийн ойн наадамд “луйвардуулсан” гарди Ц.Бямба-Отгоны асуудлыг хэлэлцсэн хүнгүй тул намжлаа.
Уг нь отгон гардийн анхны барилдаан байв. Ц.Бямба-Отгон, Р.Алтаннар нарын барилдааныг хаанаас нь ч харсан гарди давсан, хэд дахин удаашруулж хараад ч дээр нь тусч үлдээд байгаа. Давсан Р.Алтаннар бол Хөлийн цэцийн шийдвэрийг л дагасан. Түүнд буруу өгөхгүй. Ц.Бямба-Отгон бол Цэцийн шийдвэрээс зөрөх эрх огт байхгүй тул сэтгэлдээ харамсал тээн нутаг буцсан даа. Дүрэмд Хөлийн цэцийн эдлэх давуу эрх нь их байдаг.
МҮБХ-ноос дээрх хоёр бөхийн барилдааныг буруу шийдвэрлэж, нутгийн бөхийг давуулсан тухайн үед Хөлийн цэцээр ажилласан хүмүүст ямар шийтгэл оноосон бэ.
Аймгийн начин М.Балжиннямд шийтгэл оноосон шигээ баймаар байна. Хөлийн цэцийг хариуцлагажуулахгүй бол шударга өрсөлдөөн улам бүдгэрч, бөхчүүд хохирсоор үлдэнэ. 2016 онд аварга П.Бүрэнтөгс, 2017 онд аварга Ч.Санжаадамба нар хэрхэн луйвардуулсаныг бүгд мэднэ. Аварга цолтноо хүртэл бичлэг харан байж унагаж байгаа Хөлийн цэцүүд бусад бага цолтонгуудад яаж хандах нь ойлгомжтой. Залуу бөхчүүд дараа дараагийн наадмаа бодоод л дуугүй өнгөрч байна. Ямар сайндаа Ч.Санжаадамба аваргын их, бага барилдаанд зодоглохгүй байгаа нь ч шударга бус шүүлттэй холбох үндэслэл багтана.
Сэтгэгдэл (4)