Нийгэм, соёлын урсгал даган бидний амьдрал ч хувьсан өөрчлөгдөж байна. Зарим нь үл анзаарагдах боловч түр азнаад харвал олон янзаар хувирч байгаа. Энэ удаад бид мөн чанар нь огт хувирдаггүй ч нэр нь хэдэнтээ хувирдаг хайртынхаа тухай хуваалцаж байна.
Манай хотод бүтээн байгуулалт ид өрнөж, хэдэн хөшөө, хашаа хороо, зам талбайгаа тордож, засаж сэлбэж "дордуулсаар". Гэтэл өнөө “муу” ус зайлуулах хоолой урьдын янзаар л. Ус зайлуулах битгий хэл, эрт балрын хог хаягдлаар огиулж байх. Өвөлдөө утаагаар угжуулж, зундаа усаар чөдөрлүүлнэ. Аагим халуун зунаар хүйтэн бороог хүсэвч шүлс тортог ачаалсан гол мөрөн л урсаж ирнэ дээ. Хэсэгхэн шиврээд өнгөрсөн бороон дор, борооны дараа ямар болдгийг бид хэлүүлэлтгүй мэднэ. Харайна, сунгалт хийнэ, тойрно, гатална. Явган хүний зовлон ингээд дуусахгүй, зарим нь шумбаж харагдана. Үнэн хэрэгтээ нэг улиралд бид хэдэн төрлийн спортоор хичээллэдэг юм бэ.
Харин жолоочоос ямар үед хамгийн их түгжирдэг вэ гэж асуувал, бороо цас орсон үед гэж хариулах нэгэн байгаа л байх. Угтаа борооны усаа цуглуулж, дараагийн нохой гаслам халуун өдрөөр тоос шороо дарсан зам харгуйнхаа ангааг тайлж баймаар. Гэтэл тэгэх даанч дургүй, муу ёр бололтой. Уг нь манайхан юмыг тун гаргуун, шуурхай хуулбарладаг билээ. Гэтэл өдгөө цаг хугацаа хэчнээн өнгөрөвч өнөөх л ус зайлуулах хоолойны хэрүүл үргэлжилсээр. Уртын харайлтаа хийсээр.
Хэдэн өдрийн асгарсан борооноор үерлэн шуугивал ч урсаж, живээд алга болж мэдэхээр байна, гэхдээ сүх далайтал үхэр амар даа, амар.
Удахгүй бороо орно. Бороо орж байна, гарч алхах уу гэж асууна. Бороо орж байна, гарч гол гатлах уу гэж тэр хариулна. Жилийн дөрвөн улирал шиг ээлжлэн солигдох эх орны минь нийслэлийн нэр “Улаанбаатар”. Харин “Усанбаатар”-ынхаа үдшээр "Сэлбэ" ч юм уу, бидэн рүү шуугин ирэхийг дахиад олон олон зун үзэх үү бас хүлээх үү.
М.Дэвээ