Богд Хааны ордон музейг сэргээн засварлах ажлын урьдчилсан судалгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Соёлын яамны Археологийн судалгааны газрын баг манай улсад хүрэлцэн ирлээ. Соёлын дэд сайд М.Батбаяр өчигдөр энэ багийн төлөөлөл болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Санжиу Кумар нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Соёлын дэд сайд М.Батбаяр Соёлын өвийг сэргээн засварлах чиглэлээр хамтран ажиллахаар Монгол Улсад хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Энэтхэг улсын төлөөлөгчдөд талархал илэрхийлж, бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийлэв.
Судалгааны багт Зулфикар Али, Соёлын өвийг хамгаалах газрын Сундер Паул, археологич Мадхусудан Юнияал зэрэг мэрэгжилтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй байна. Эдгээр мэргэжилтнүүд нь Зүүн өмнөд Азийн Лаос, Камбож, Тайланд зэрэг орны соёлын өвийг дурсгалыг сэргээн засварлаж байсан туршлагатай бөгөөд Богд Хааны ордон музейд ажиллаж, сэргээн засварлах шаардлагатай түүхэн дурсгалт барилга байгууламжтай танилцаж, судалгаа, санхүүгийн тооцоолол хийх юм.
Соёлын сайд Ч.Номин 2021 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайд Мохиндр Пратап Сингхтэй Богд Хааны Ордон музейд уулзах үеэрээ тус музейн барилга байгууламжийг сэргээн засварлах чиглэлээр хамтран ажиллах санал тавьсан ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж түр саатсан байсан энэхүү ажил ийнхүү эхэлж байгаа аж.