Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Тэрбум мод тарих үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд айл өрх, аж ахуйн нэгжүүд мод тарих нь түгээмэл болжээ. Мод тарих нь сайн хэрэг боловч, хөрсөндөө тохирсон модыг сонгож, зөв тарих нь чухал юм. Модны тарьц, суулгацыг тухайн тарих гэж буй газраа мэргэжлийн хүнийг нь авч ирээд зөв зохион байгуулалттай тарих талаар зөвлөгөө авч, мод бутаа хамтран сонгож, стандартын дагуу таривал сайн болохыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Аль хөрсөнд ямар мод тарих талаар мэдлэгт тань нэмэрлэвэл,
- Намгархаг газар – улиас, бургас, хайлаас,
- Элсэрхэг хөрсөнд – хус, нарс, гацуур,
- Үржил шимгүй хөрсөнд – улиас, шар хуйас, шинэс,
- Хөрс голдоггүй – улиас, хайлаас, шар хуайс,
- Үржил шимтэй хөрсөнд – монос, үхрийн нүд, чацаргана,
- Хашлагын зориулалтаар – хайлаас, шар хуайс, голт бор,
- Цэцэглэж ургадаг – гүйлс, буйлс, монос,
- Навчны хувиралтай – агч, монос, долоогоно таривал сайн ургах ажээ.
Мөн мод тарих суулгацаа сонгохдоо дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Үүнд,
- Суулгацын гадна талын өнгө байдал хэвийн буюу шалбарч гэмтээгүй, өвчин хортонд нэрвэгдээгүй байх
- Нахиа нь задраагүй, тээвэрлэлтийн явцад үндэс нь хатаагүй байх
- Мөчир, салаалсан үндэс ихтэй байхын дээр үржил шимтэй шороотой байх
- Гол иш нь эгц шулуун, бат бэх, хугараагүй байх
- Өсөлт хөгжилт сайтай байх зэргийг шалгах.
Ташрамд дурдахад, Монголчууд эрт үеэс эхлэн мод тарих арга ухааныг эрхэмлэж байсны нэг жишээ нь, Хубилай хааны (1215-1294) үед мод тарих хөдөлгөөн өрнүүлж байсан нэлээд баримт бий. Тухайлбал, Их хааны зарлигаар, “элч зарлага, худалдаачид хийгээд энгийн ардын үргэлж хөлхдөг их замын дагуу хоёр хоёр алхмын зайтай газар мод тарих"-ыг тушааж байжээ.
Энэ талаар аялагч Марко Поло, “Монголчууд өртөө замын хоёр хажуугаар мод тарьсан нь нар шарахгүй сүүдэртэй, өвөл цас унахад зам алдаж төөрөхгүй сайн талтай. Энэ модод алсаас их сүрлэг харагдана… Говь цөлийн зам дагуу ч мөн тийм мод суулгасан нь худалдаачид хийгээд элч нарт туйлын таатай. Тэрчлэн бүх хаант улс муж улсын замын дагуу тийм мод цөм буй ажээ” хэмээн тэмдэглэн үлдээжээ.
Үүнийг дараагийн хаад залгамжлан үргэлжлүүлсэн байдаг. Тухайлбал, 1294 онд гаргасан Өлзийт хааны хууль цаазын бичигт, “Хавар болоход хамгийн урьд мод тарьж суулгах хэрэгтэй. Модыг зүй бусаар огтолж үл болно. Зөрчигчдийг хууль ёсоор ялласугай. Ой мод их болох аваас алба ба амины цөм ашигтай… “ гэж заажээ. Тэгвэл өнөөдөр манай улсад хэрэгжиж буй “Ойн тухай хууль”-ийн 31 дүгээр зүйлд “16 насанд хүрсэн иргэн бүр нэг, аж ахуйн нэгж, байгууллага таваас доошгүй мод тарьж ургуулах, услах, арчлах бөгөөд өөрийн хүчээр гүйцэтгэх боломжгүй тохиолдолд зардлыг хандивлана” хэмээн заасан байдаг.